Коронавирусын халдварт өвчлөл гарсны улмаас үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-д захидал илгээсэн байна.
Д.Цогтбаатар сайд захидалдаа “Шинэ коронавирусын халдварт өвчний улмаас БНХАУ-д үүсээд буй нөхцөл байдалд хөрш зэргэлдээ орны хувьд монголчууд бид санаа зовниж байгаа бөгөөд Хятадын ард түмэн энэхүү цаг үеийн хүндрэлийг даван туулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээжээ.
Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд ч томоохон сорилт болж буй халдварт өвчний тархалтыг зогсоож, хяналтад авахад уялдаа холбоотой, харилцан ойлголцсон хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлоод Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдтэй чин сэтгэлээсээ хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.