Зудын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан Монголын улаан загалмай нийгэмлэг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран эрсдэл өндөр байгаа Хэнтий, Архангай, Сүхбаатар, Өвөрхангай, Ховд, Говь-Алтай, Булган, Увс аймгийн эмзэг бүлгийн малчдад бэлэн мөнгөний болон малын эрдэс тэжээлийн тусламж үзүүлэхээр болсон.
Тусламжийн хүрээнд эмзэг бүлгийн 1000 малчин өрхөд тус бүрт 240,000 төгрөгийг тухайн иргэний Хаан банкны дансаар олгосон байна.
Харин малын эрдэс тэжээлийн багцыг малчдад хүргэхээр тусламжийн цуваа аймгууд руу хөдөллөө. Малын эрдэс тэжээлийн багцад эрдсийн долооц, амин тун буюу малын нэмэгдэл тэжээл, загасны тос, нүдний тосон түрхлэг, туурайн тос зэрэг зүйлс багтжээ.
Хүмүүнлэгийн тусламжинд хамрагдсан малчин өрхийг 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд 200 хүртэлх малтай малчин өрх гэсэн шалгуур үзүүлэлтээр аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо хамтарч сонгон шалгаруулсан байна
Эх сурвалж: ОБЕГ