Нийслэлд цаг агаар тогтуун, нартай байгаа тул эцэг эхчүүд хүүхдээ дагуулан уулын энгэрт очиж гулгаж байна. Гэвч аюулгүй байдлыг төдийлөн анхаарахгүй байгаа юм шиг анзаарагдлаа. Машин замтай хэт ойр гулгах, том оврын машинтай иргэд уул руу мацах, тээврийн хэрэгслийн араас чарга чирэх гэх мэт.
Машин замтай хэт ойр гулгах нь эрсдэлтэй
Та болон таны хүүхдийн гулгаж байгаа чарганд ямар нэг тоормос байхгүй. Хэрэв машины жолооч хурдтай явж байвал цастай, хальтаргаа үүссэн зам дээр тоормос нь ажиллах нь юу л бол. Гулгах талбайтай ойр машин зогсох нь уулнаас доош бууж буй хүн мөргөх аюултай. Тиймээс та бүхэн машин замаас хол, аюулгүй газар хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөхийг анхааруулж байна.
Амарч буй зарим иргэд том оврын машинтайгаа уул өөд мацах, өндөрлөг газар машинтайгаа зогсох зэрэг үйлдэл цөөнгүй байв. Тээврийн хэрэгсэл дээш гарсан ч буухад цас ихтэй учир тоормос бүрэн ажиллахгүй. Уулын уруу хүчтэй буух, доор амарч буй иргэдэд аюул учруулж болзошгүй учир иргэдийг машинтайгаа уул өөд явахгүй байхыг зөвлөж байна.
Машины араас чарга чирэх нь тоглоом биш
Өөрийн хайртай дотны хүмүүстэйгээ амралтын өдрөө агаарт өнгөрөөх сайхан санаа. Гэхдээ уулнаас гулгах гэж очсон ч тэгш зам дээр машиныхаа араас чарга чирэн хөгжилдөх нь “солиорол”. Шинэлэг санаа юм шиг сонсогдох ч үүнээс илүү том аюул нүүрлэж болзошгүй. Тээврийн хэрэгсэл тоормослоход чарга доогуур нь орох, эргэлт дээр нөгөө урсгалаас машин хүчтэй ирэх, чирж яваа чарга бусад жолооч нарт харагдахгүй учир осол гарах бүрэн боломжтой.
Хэн ч осол, бэртэл гэмтлийг хүсдэггүй. Гэсэн хэдий ч бидний тоомжиргүй хийсэн үйлдлийн цаана ямар үр дагавар хүлээж байгааг хэн ч мэдэхгүй.