Манай сурвалжлах баг хойд эцэг нь хоёр настай хүүг хэрцгийгээр зодож, аминд хүрсэн хэргийн мөрөөр Хэнтий аймагт очиж, хэрэг явдлын талаар холбогдох эх сурвалжуудаас мэдээлэл авлаа.Тус хэрэгт талийгаач хоёр настай хүүгээс гадна, ой гурван сартай дүү нь зодуурын улмаас одоогоор Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдүүдийн ээжийн хувьд сэтгэл санааны гүн хямралтай байгаа тул, нагац ах болох Т.Алдармөнхөөс тодруулга авсныг дараах сурвалжилгаас хүлээн авч үзнэ үү.
Хохирогчийн нагац ах Т.Алдармөнх: Нагац дүү нарыг маань удаа дараа зодож, дарамт учруулсан байсан. Гэвч дүү маань тэр хэргийг биднээс нуусан. Эмэгтэй хүн болохоор хамт амьдрах залуугаа засарна хэмээн итгэл хүлээлгэсэн нь тэр байх.Сэжигтэн өмнө нь олон хэрэгт холбогдож байсныг бид саяхан мэдсэн. Тухайн өдөр манай дүүгийн байгууллагын шинэ жил болсон, гэхдээ манай дүүг оруулаагүй, хардсан юм байна лээ. Тэр өдөр тэднийд найз нь архи авчран Хүлгэн манай дүүг архиар шахаж хамт уусан. Өмнө нь дүү маань ‘’Чи бид хоёрын амьдрал бүтэхгүй байна’’ гэж хэлээд явах гэхээр ‘’Ална’’ гэж сүрдүүлж зоддог байсан. Би ч өөрийгөө энэ хэрэгт буруутгаж байна.
Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч Н.Батзаяа: Талийгаачийн дүүгийн нүүрээр хаван ихтэй, хацар дух нь хөхрөлттэй, нүүрний зөөлөн эдийн няцралттай байсан. Гэхдээ хөхрөлт нь 3-4 хоногийн өмнө цохиулсан байж магадгүй байдалтай. Эхогоор хархад элэг цохиулснаас болж гэмтсэн байж болзошгүй. Цавины ойролцоох газар хөхрөлттэй байсан. Эмнэлэгт ирсэн даруйд нь гэмтлийн тасагтаа хэвтүүлж эмчилгээ хийсэн.
Хэнтий аймгийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энхэрдэнэ: Хохирогчийн гэр бүлийн тухайд аав ээж нь тусдаа амьдардаг хуулиараа бол салаагүй. Талийгаачийн ээж сэжигтэнтэй хамтран амьдрах гэж байсан. Манай байгууллагын зүгээс ээжид нь сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилласан. Цаашдаа бага хүүхдийг нь хот руу эмчилгээ хийлгэх бол санхүүгээр тусална.
Хэнтий аймгийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Т.Лхагвадорж: Цагдаагийн байгууллагад гадны нөлөөтэйгээр амь насаа алдсан байж болзошгүй гэсэн дуудлага мэдээлэл өглөөний зургаан цагийн үед ирсэн. Хэрэг мөрдөн шалгах ажилгааны шатанд явж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Шалгалтын явцад хойд аав сэжигтэн Х-г саатуулсан.