П.Н.Шастины нэрэмжит Улсын төв гуравдугаар эмнэлэг шинэ жилийн баяр хийхгүй. Харин тухайн хамт олон 2019 онд амжилттай ажилласан тул төрийн үйлчилгээний байгууллагуудад олгодог жил бүрийн үр дүнгийн урамшууллаа журмын дагуу ажилтан бүрдээ 300 мянган төгрөгийг цалин дээр нь нэмж оруулсан байна. Мөн энэ жил яагаад нэгдсэн шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулаагүй тухай Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-очироос тодрууллаа.
-Төсвийн байгууллагад шинэ жил хийнэ гэсэн төсөв байдаггүй.Бид өмнө нь 12-р сард ордог байсан үр дүнгийн урамшууллаасаа төсөв босгоод нэгдсэн шинэ жил хийдэг байлаа. Арга хэмжээндээ дунджаар 150 мянган төгрөгийн хураамж өгдөг.Үүнээсээ гадна манай байгууллага нийт 750 гаруй ажилчдын 96 хувь нь эмэгтэй ажилтан байдаг.Тэдгээр эмэгтэйчүүд нүүрээ будуулах, үс, хумсаа янзлуулахаас эхлээд их хэмжээний зардал гаргадаг. Эрүүл мэндийн салбарын ажилтны цалин бага энэ мэт зардлууд зарим ажилчдад маань хүнд тусдаг.
Эдийн засгийн хүнд цаг үед мөнгөө ресторанд зарцуулах нь ухаалаг зардал биш юм. Мөн эдийн засгийн хэмнэлт гэж нэг талаас нь харж гаргасан санал байгаа юм. Бас шинэлэг байдал гэж ойлгож болох юм.
Гэхдээ 2019 онд 3-р эмнэлгийн хамт олон юу хийж бүтээсэн бэ гэдгээ тайлагнана.Мөн эрүүл мэндийн сайдын уриалга хэрхэн хэрэгжсэн болон эмнэлгийн аль тасаг сайн ажилласан,оны шилдэг ажилтан, манай эмнэлэг энэ онд хэрхэн үр дүнтэй байсан зэргийг баярын хурлаараа дүгнэн хэлэлцэнэ.
Энэ оны хувьд эрүүл мэндийн салбарт онцлог жил байсан. Инээмсэглэл эерэг хандлагын жил хэмээн зарласан. Эмнэлгийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгч болон хамтран ажиллагчидтайгаа эелдэг харилцаж,түргэн шуурхай хүртээмжтэй ажиллаж чадсан амжилттай жил байлаа.
Энэ удаагийн шинэ жилийн онцлог нь архигүй, эмнэлэг дээрээ баярын хурлаа хийнэ.Мэдээж хэрэг баярын уур амьсгал оруулж, ажилчдын сэтгэлийг сэргээсэн, соёл урлагийн төлөөлөл ирнэ. Өөрөөр бол ирэх жилийн ажилд нь урам зориг өгсөн баяр хийнэ гэж ойлгож болох юм. Шинэ жилийн баяр огт тэмдэглэхгүй гэж өрөөсгөл ойлгох хэрэггүй энэ жилийн баяр ийм онцлогтой. Ерөнхийдөө хөдөлмөрлөж олсон цалингийнхаа багагүй хэсгийг нэг өдрийн дотор ресторанд үрэхээс илүү өөртөө болон гэр бүлийнхээ баярт зарцуулах хэрэгтэй гэж уриалсан юм хэмээлээ.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилагч Г.Наранчимэг: Миний хувьд энэ жил шинэ жил хийхгүй гэдэг нь их харамсалтай санагдсан. Учир нь эмэгтэй хүн ганц энэ өдрөөр эмэгтэйлэг гэдгээ харуулдаг сайхан баяр юм шиг санагддаг. Бид чинь мэргэжлийнхээ онцлогоос шалтгаалж хумсаа ургуулж, будаж болдоггүй шүү дээ. Энэ өдөр л ганц гангарч авдаг байсан. Энэ жил үзэсгэлэнтэй байгаагаа харуулж чадахгүйн гэж бодохоор жаахан харамсалтай юм.
Статистик эмч А.Болормаа: Энэ жилийн хувьд шинэ жилээ ‘’нүсэр’’ хийгээгүй нь таалагдаж байна. Эмч, сувилагч нарын баяр гээд хангалттай олон баяр байгаа юм шиг санагддаг. Өнөөдөр захиргааны хэсгийнхэн тайлангийн хурал зохион байгуулж байна. Иймд баярын уур амьсгал оруулах үүднээс ижилхэн хувцсаар жигдэрч ажилчдаа хүндэтгэлтэйгээр хурлын танхимдаа хүлээн авч байгаа юм.