
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан ажлаа өгсөн ч хууль бус үйл ажиллагаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар цаашид мэдээлэл хийж, тэмцэхээ мэдэгдлээ.
Тэрбээр “Намайг албан тушаалаас чөлөөлж болно. Гэхдээ миний үзэл бодол, үнэт зүйлийг хэн ч чөлөөлж чадахгүй” хэмээн хэлээд, ХЗДХ-ийн сайдаар ажиллах хугацаандаа хар тамхи, хууль бус алт олборлолт, төрийн байгууллагуудад хувийн ашиг сонирхлоо шингээсэн бүлэглэлүүд зэрэг олон асуудалд анхаарч ажилласнаа дурдав.
Мөн хуулийн байгууллагын зарим удирдлага болон бүлэглэлүүдийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх шалтгаан болсон гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Түүний хэлснээр, хууль бус үйл ажиллагаатай эвлэрээгүйн улмаас өмнө нь ч албан тушаалаа өгч байсан бөгөөд үүнд харамсах зүйлгүй байгаагаа хэлэв. С.Амарсайхан Монгол Улсын дотоод аюулгүй байдалтай холбоотой асуудал ноцтой түвшинд хүрсэн гэж үзэж байгаа бөгөөд УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо болон Засгийн газрын түвшинд холбогдох асуудлуудыг сонсож, шалгах шаардлагатай гэж мэдэгдэв.
Түүнчлэн өөрт нь иргэд, олон нийтээс цаашид ч олон мэдээлэл ирж байгаа бөгөөд өмнө нь дурдаагүй олон асуудлаар үе шаттай мэдээлэл хийх зүйл бий гэдгийг онцоллоо. Гэхдээ баримт нотолгоогүйгээр хэн нэгнийг нэрлэж, гүтгэхгүй байх зарчим баримтална гэв.
Мөн тэрбээр УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд оролцохоо үргэлжлүүлнэ гэдгээ хэлээд, ХЗДХ-ийн сайдаар ажиллах хугацаанд шалгагдаж эхэлсэн албан тушаалын болон “цагаан захтанууд”-тай холбоотой хэргүүдийн явцыг хуулийн байгууллагууд өөрсдөө мэдээлэх ёстой гэв.










