
Халамжит хань, ач, зээ нарынхаа хайртай өвөө, ачлалт ах, сурган хүмүүжүүлэгч, хүндэт хилчин, ахмад гаальчин, бэлтгэл дэд хурандаа Гомбосүрэнгийн Өлзийдоо нь 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, тэдэнд нөхөж баршгүй гарз учирлаа.
Гомбосүрэнгийн Өлзийдоо нь 1946 онд Улаанбаатар хотод айлын ууган хүү болон мэндэлж, бага насаа эцэг эхийн гар дээр өсжээ.
- 1954-1961 онд бага, дунд сургууль
- 1961-1964 онд багшийн сургууль төгсөж
- 1964-1970 он хүртэл Булган аймгийн Хишиг өндөр сумын сургууль, нийслэлийн 18 дугаар дунд сургуулиудад бага ангийн багшаар ажиллаж байсан.
- 1970 онд хугацаат цэргийн албанд татагдан хилчний гараагаа Хилийн ба Дотоодын царгийн 05-р ангиас эхэлсэн.
- 1971-1976 онд Зөвлөлт холбоот улсад Хилийн цэргийн улс төрийн дээд сургуулийг суралцан төгссөөд хилийн цэргийн 0130, 0165, 0252, 0108 дугаар ангиудад ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарч 1992-2002 он хүртэл Замын-Үүд дэх Гаалийн газарт Гаалийн улсын байцаагч зэрэг ажлуудыг эрхлэн төр улсдаа нийт 43 жил ажиллаж хөдөлмөрлөн, Сурган хүмүүжүүлэх үйлс, Хил хамгаалах байгууллага, Гаалийн байгууллагын хөгжилд өөрийн мэдлэг, ур чадвар, хүч хөдөлмөрөө зориулсан юм.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлэн Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль болон бусад ойн медалиуд, Хүндэт хилчин, Онц хилчин тэмдгүүдээр тус тус шагнажээ. Тэрээр эх орон, ард түмнийхээ төлөө чин үнэн сэтгэлээр зүтгэж явсан эрхэм хүндтэй үйл хэрэг, хөдөлмөрч хичээнгүй, шударга, тулхтай, хүнлэг зан чанар, эгэл даруу, гэгээн дүр төрх нь үр хүүхэд, үе үеийн хамтран зүтгэгсдэд нь үүрд дурсагдах үлдэх болно. Хань, үр хүүхэд, ач зээ, дүү, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.










