
Өнгөрөгч долоо хоногт Монголын улс төрд хоёр өөр зураг зэрэгцлээ.
Нэг талд нь Н.Учралын Засгийн газар хариуцлага, сахилга, төрийн байгууллагын шинэчлэл ярьж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол,
Нөгөө талд нь намрын чуулган эхэлсэн боловч УИХ-ын нэгдсэн хуралдаан ирцгүйн улмаас хойшилж, МАН доторх “30:38” гэх хүчний харьцаа төрийн ажилд бодитоор нөлөөлж эхэлснийг харуулав.
Энэ хоёр үйл явдлыг салгаж ойлгох боломжгүй. Учир нь сайдын томилгоо, парламентын ирц, МАН-ын дотоод талцал гурав нэг цэг дээр огтлолцож байна.
НЭГ. НАМРЫН ЧУУЛГАН ЭХЭЛСЭН Ч УЛС ТӨРИЙН ГАЦАА АРИЛСАНГҮЙ
9 дүгээр сарын 15-нд УИХ-ын намрын ээлжит чуулган 87 гишүүний ирцтэйгээр нээгдсэн. Энэ чуулганаар 2027 оны төсөв, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв зэрэг улс орны эдийн засгийн дараагийн жилийн үндсэн шийдвэрүүд хэлэлцэгдэхээр товлогдсон.
Гэвч чуулганы нээлтийн маргаашнаас улс төрийн бодит байдал өөр нөхцөлл шилжив.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд Н.Учралд итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулах хүртэл чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй байр суурь илэрхийлсэн.
Үүний дараа 9 дүгээр сарын 17-нд УИХ-ын нэгдсэн хуралдаан ердөө 52 гишүүний ирцтэй болж, шаардлагатай 50 хувийн босгод хүрээгүй тул хуралдаан хойшилсон.
Энэ бол зөвхөн сөрөг хүчний бойкот дангаараа асуудлын тайлбар биш парламентын олонх болсон МАН өөрийн дотоод ирцээ бүрдүүлж чадсангүй.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нам дотор “30:38” гэсэн хуваагдал байхгүй гэж мэдэгдсэн ч яг тэр өдөр УИХ-ын ирц бүрдэхгүй байгаа нь нам доторх зохион байгуулалтын асуудал бодитой байгааг харуулсан.
ХОЁР. С.АМАРСАЙХАНЫГ ЧӨЛӨӨЛЖ, Г.ТЭМҮҮЛЭНГ ТОМИЛОВ
9 дүгээр сарын 16-нд Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Засгийн газрын албан мэдээлэлд Хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь дотоод аюулгүй байдлыг хангах салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж Ерөнхий сайд үзсэн бөгөөд яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатай. Мөн холбогдох харьяа байгууллагуудын дээд, дунд шатны зарим удирдлагыг ч чөлөөлөх чиглэл өгсөн.
Энэ шийдвэрийн цаад улс төр нь зөвхөн нэг сайдын албан тушаалаар хэмжигдэхгүй.
Учир нь ХЗДХ-ийн сайд бол Засгийн газрын жирийн нэг салбарын сайд биш. Цагдаа, хил, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, дотоод аюулгүй байдал зэрэг төрийн хүчний байгууллагуудтай холбогддог учраас энэ салбарын удирдлагын өөрчлөлт нь Засгийн газрын эрх мэдлийн бүтэцтэй шууд холбоотой.
С.Амарсайханы оронд Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшүүлэв. МАН-ын Удирдах зөвлөл энэ саналыг 100 хувийн саналаар дэмжсэн.
Түүний ХЗДХ-ийн сайдын албан тушаалд нэр дэвшсэн нь хоёр утгатай.
Нэгдүгээрт, Н.Учрал өөрийн Засгийн газрын бүтцэд шинэ хүн оруулж байна.
Хоёрдугаарт, МАН-ын дотоод хүчний харьцаанд нэг албан тушаалын хуваарилалт өөрчлөгдөж байна.
ГУРАВ. “30:38” ГЭДЭГ ТООНЫ ЦААНА ЮУ БАЙНА ВЭ
Албан ёсоор МАН дотор “30:38” гэсэн бүлэглэл байхгүй гэж намын удирдлага мэдэгдсэн. Гэхдээ парламентын ирц, сайдын томилгоо, улс төрийн мэдэгдлүүд зэрэг үйл явдал энэ асуудлыг тодорхой болгон харуулсан.
Энд хамгийн чухал нь 30 ба 38 гэсэн тоо өөрөө биш.
Харин МАН-ын дотоод улс төрийн зөрчил Засгийн газрын шийдвэр гаргалт, парламентын үйл ажиллагаанд нөлөөлөх хэмжээнд хүрчихээд байгаа нь гол асуудал.
Хэрэв намын дотоод тохиролцоо парламентын ирц дээр, сайдын томилгоо дээр, улмаар төсөв батлах дээр саад болж эхэлбэл энэ нь намын дотоод асуудал байхаа больж төрийн институцийн асуудал болно.
Өнгөрсөн долоо хоногийн 52 гишүүний ирцтэй хойшилсон чуулган үүнийг харуулсан хамгийн тод жишээ байв.
ДӨРӨВ. ДАРААГИЙН ГОЛ ТУЛАЛДААН БОЛ ТӨСӨВ
Улс төрийн хувьд энэ долоо хоногийн хамгийн том асуудал бол Г.Тэмүүлэнгийн томилгоо төдийгүй 2027 оны төсөв байх болно.
Учир нь намрын чуулганаар 2027 оны улсын төсөв болон 2026 оны төсвийн тодотголоо хэлэлцэнэ.
Төсөв бол МАН доторх зөрчлийг шалгах хамгийн бодит талбар.
Учир нь төсөв дээр зөвхөн Ерөнхий сайд, намын дарга, Засгийн газар биш УИХ-ын 126 гишүүн бүрийн байр суурь ил гарна. Ялангуяа орлого, зарлага, төрийн өмчит компаниудын ногдол ашиг, цалин тэтгэвэр, хөрөнгө оруулалт, алдагдал зэрэг олон нийтэд шууд нөлөөлөх шийдвэрүүд дээр улс төрийн тохироо илүү тод харагдана.
Ирэх өдрүүдэд,
Нэгдүгээрт, Г.Тэмүүлэнгийн томилгоо парламент дээр ямар улс төрийн тохироогоор батлагдах вэ.
Хоёрдугаарт, Н.Учрал МАН-ын дотоод зөрчлийг намын хүрээнд барьж чадах уу, эсвэл парламентын үйл ажиллагаанд дахин нөлөөлөх үү.
Гуравдугаарт, 2027 оны төсөв дээр энэ хүчний харьцаа бодитоор хэрхэн илрэх вэ гэдгийг харах л үлдлээ.










