
“Динза Цондоолойн анд найзууд” НҮТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Хүүхэд хөгжил, төлөвшлийн үндэсний хөтөлбөр” өнөөдрийг хүртэл 88 сургуульд хүүхдийн хөгжил, уншлагын орчныг иж бүрнээр тохижуулан ажиллаад байна.
Өнөөдөр Увс аймгийн Улаангом сумын БНМАУ-ын Баатар, Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Улсын Тэргүүний Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд тус хөтөлбөрийн 89 дэх хүүхэд хөгжил, уншлагын орчин нээлтээ хийлээ.
Ингэснээр Динза хүүхэд хөгжлийн орчин нийслэлийн сургуулиудаас гадна орон нутгийн сургуулиудад хүрээгээ улам тэлж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь тус сургуулийн 100 жилийн түүхэн ойтой давхцаж, энэ түүхэн ойгоороо Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит болж буй онцгой цаг үед хэрэгжиж байгаагаараа бэлгэдэлтэй юм. Нэгэн зууны боловсролын түүхийг дараагийн зуунд хүүхдийн хөгжил, уншлагын шинэ соёлтой залгах шинэ орон зай ийнхүү нээгдэж байна. Тус орчныг Монголын үндэсний үйлдвэрлэгч “Газар Шим Үйлдвэр” ХК ивээн тэтгэн байгууллаа.
Тус компанийг үүсгэн байгуулсан, энэ сургуулийн 1982 оны төгсөгчид, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Цэдээлийн Ганбат, Занааширын Байгалмаа нар төрөлх нутаг, төгссөн сургууль, дараагийн үеийн хүүхдүүдийн боловсрол, хөгжилд бодит хөрөнгө оруулалт хийж буй нь үндэсний үйлдвэрлэгчийн нийгмийн хариуцлагын үнэ цэнтэй жишээ болж байна. Динза хүүхэд хөгжил, уншлагын орчин нь зөвхөн ном байрлуулах танхим биш.
Хүүхдүүд ном унших, уншсанаа ярилцах, бичих, зургаар болон тайзны хэлбэрээр илэрхийлэх, хамтран ажиллах, өөрийгөө нээж хөгжүүлэхэд зориулсан хүүхэд төвтэй хөгжлийн орчин юм. Хөтөлбөрийг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар дэмжин, хамтран хэрэгжүүлж байна. Өнөөдрийн тохижуулалтаар ажил дуусахгүй.
Цаашид тус сургуульд “Багштайгаа ангиараа уншъя” хөтөлбөрөөр багш, хүүхдүүдийг хамтын уншлагад нэгтгэж, “Динза Элч” хөтөлбөрөөр ахлах ангийн сурагчдын манлайлал, оролцоог хөгжүүлэхээр төлөвлөж байна. Ийнхүү нэг удаагийн тохижилтыг тогтмол үйл ажиллагаа, багшийн оролцоо, сурагчдын манлайлалтай холбон, урт хугацаанд ажиллах хүүхэд хөгжлийн тогтолцоо болгон хөгжүүлэх нь Динза хөтөлбөрийн гол онцлог юм.
“Динза Цондоолойн анд найзууд” НҮТББ нь хүүхдийг номоор дамжуулан хөгжүүлэх, сургуулийн орчныг хүүхэд төвтэй болгох, багш, сурагч, эцэг эх, үндэсний үйлдвэрлэгч, бизнесийн байгууллагуудын хамтын оролцоонд тулгуурласан уншлагын соёлыг улс даяар түгээхээр ажиллаж байна.
Дэлгэрэнгүй: www.dinza.mn
www.dinza-elch.mn



























