
БНСУ-ын шүүх амттаныхаа чимэглэлд шоргоолж ашигласан Evett зоогийн газарт БНСУ-ын Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд зөвшөөрөгдөөгүй шавжийг хүнсэнд ашигласан хэргээр 10сая вон, тус зоогийн газрын гүйцэтгэх захиралд 15 сая воны торгууль ноогдуулжээ.
Прокурорын зүгээс шүүхээс тус рестораныг 20 сая воноор торгож, гүйцэтгэх захиралд нь 1 жилийн хорих ял оноохыг хүссэн ч шүүгч шүүгдэгч гэмээ ухаарсан, рестораны гүйцэтгэх захирал өмнө нь хүнсний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж байгаагүй, амттаныг чимсэн шоргоолжны тоо прокуроруудын анх мэдүүлснээс цөөн байсан мөн тус зоогийн газар дахиж шоргоолж ашиглаагүй зэргийг харгалзан шийдвэрээ гаргажээ.
Сөүл хотын алдарт Ганнам дүүрэгт байрлах Michelin 2 одтой Evett рестораныг Австралийн тогооч Жосеф Лиджервүд үүсгэн байгуулсан аж. Netflix-ийн Culinary Class Wars шоунд оролцож олон танигдсан Жосеф Лиджервүд рестораныхаа нүүр царай болж, түүний гэргий Жинни Ким гүйцэтгэх захирлаар нь ажилладаг аж.










