
Бангладеш улсад зөвхөн энэ онд улаанбурхан халдварт өвчний улмаас 1000 гаруй хүүхэд энджээ. Энэ оны 3-р сараас хойш тус улсад улаанбурхан өвчний 194 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн мягмар гарагт л гэхэд 8 хүн улаанбурхан өвчний улмаас нас баржээ.
178 сая хүн амтай Бангладешийн засгийн газар хүүхдүүдийг улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтад хамруулах аяныг зарлаж, албан ёсны тоогоор 19.8 сая хүүхдийг улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулаад байгаа ч тус улсад өдөрт дунджаар улаанбурхан өвчний 1000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсээр байгаа аж.
Бангладеш улс улаанбурхан өвчнийг устгах тал дээр багагүй ахиц дэвшилтэй явж байсан ч энэ оны 3-р сараас хойш тус улсад бүртгэгдсэн улаанбурхан өвчний тохиолдлуудын тоо дэлхийн аль ч улстай харьцуулшгүй өндөр болжээ.
Улаанбурхан өвчний халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд байгаа ба судалгаагаар халдвар авсан иргэдийн 83 хувь нь улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй, 10 хувь нь 6-аас доош сартай хүүхдүүд байна гэж гарчээ.
Хүүхдүүдийн дунд улаанбурхан өвчний хүндрэл болон нас баралт өндөр байгаа нь тус улсад шим тэжээлийн дутагдалтай хүүхдүүд олон байгаатай холбоотойг мэргэжилтнүүд онцолж байна.
Умард Ирланд, Их Британийн Нэгдсэн Вант улс болон АНУ-д ч ялгаагүй улаанбурхан өвчний дэгдэлт бүртгэгдээд байгаа ба дээрх хоёр улсад улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдах ёстой хүүхдүүдийн тоо сүргийн дархлаа үүсэхэд шаардлагатай 95 хувьдаа хүрэхгүй байгаа аж.
BBC










