
Монгол Улсын Их Хурал ирэх оны улсын төсвийг хуулиар тогтоосон хугацаанд дөрвөн үе шаттай хэлэлцэж, 11 дүгээр сарын 15-ны дотор баталсан байх учиртай бөгөөд энэ нь төрийн байгууллагуудын хүссэн үедээ хойшлуулж, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан сунгаж болдог ажил бус, хуульд хугацаа нь тодорхой заагдсан төрийн үндсэн үүрэг юм. Төсвийн тухай хуулийн дагуу ирэх оны төсвийн төслийг эхлээд танилцуулж, дараа нь санал, дүгнэлт болон өөрчлөлтийг хэлэлцэн, хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэж, эцэст нь батлах дараалалтай байдаг учраас 11 дүгээр сарын 15 хүртэлх хугацаа бол УИХ-ын хувьд зүгээр нэг календарийн өдөр бус, хуульд заасан эцсийн хугацаа юм.
Ирэх оны төсвийг дөрвөн үе шаттай хэлэлцэн батлах цаг хугацаа улам ойртож буй энэ үед 2026 оны төсвийн тодотголоо хүртэл бүрэн шийдэж амжаагүй, төсөв мөнгөний асуудлаас илүүтэй хэн хэнийгээ огцруулах, хэнийг сайдаар томилох, намын аль тал нь олонх хэвээр үлдэх вэ гэсэн эрх мэдлийн тооцоо УИХ-ын анхаарлын төвд орчихоод байна.
Чухлын эрэмбэгүй “ТӨР”
Төрийн ажилд хамгийн түрүүнд байх ёстой зүйл нь улс төрийн ашиг сонирхол сонирхол бус чухлын эрэмбэ байх учиртай ч өнөөдрийн нөхцөлд эсрэгээрээ болж, төрийн үндсэн ажлууд улс төрийн зөрчлийн завсар хавчуулагдан, хэн нэгнийг томилох эсэх, хэн нэгнийг огцруулах эсэх асуудал нь улсын төсөв, эдийн засгийн бодлого, иргэдийн амьдралтай холбоотой шийдвэрүүдээсээ илүү том сэдэв болсон дүр зураг харагдаж байна.
Бүр цаашлаад 2027 оны төсөв хэлэлцэгдэх ёстой цаг хугацаа хэдийнэ эхэлчихсэн байхад 2026 оны төсвийн тодотголын асуудал улс төрийн гацаанд орсон хэвээр байгаа нь төрийн ажлын дараалал хэрхэн алдагдсаныг харуулах нэг жишээ болж байна.
Өчигдөр 14.00 цагт хуралдах ёстой байсан УИХ-ын чуулган нийт 126 гишүүнээс ердөө 52 нь ирцэд бүртгүүлснээр хуралдаж чадсангүй бөгөөд ийнхүү хууль тогтоох байгууллага хуулийн төслүүдээ хэлэлцэхийн оронд гурван цагийн турш ирцийн шууд дамжуулалт хийсэн нь тухайн өдрийн улс төрийн нөхцөл байдлыг ямар ч тайлбаргүйгээр харуулсан дүр зураг болов.
Уг нь өчигдрийн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулахтай холбоотой Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүний 2026 оны зургаадугаар сарын 10-нд өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан бөгөөд эдгээр нь бүгд улсын төсөв, төсвийн сахилга бат, цаашдын санхүүгийн бодлоготой шууд холбоотой асуудлууд байлаа.
УИХ-ын чуулган бол тэдний “попролт”-ын талбар
АН-ын бүлэг чуулган болон байнгын хорооны хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бол МАН-ын доторх 30, 38-ын гэх хуваагдлын асуудал дахин сөхөгдөж, намын дотоод зөрчил чуулганы ирц дээр хүртэл илэрч эхэлсэн нь төрийн ажлын хэвийн явц улс төрийн тохиролцооноос хэр хамааралтай болсныг харуулсан үйл явдал болов.
Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилохыг дэмжсэн бөгөөд МАН-ын ЕНБД Я.Содбаатар энэ үеэр нам дотор 30, 38-ын тал гэсэн хуваагдал одоо байхгүй, ямар нэгэн байдлаар Засгийн газрыг унагаах гэж ажиллаж байгаа намын гишүүдэд хариуцлага тооцно хэмээн хатуу мэдэгдсэн ч түүний үгний цуурай намжаагүй байхад УИХ-ын танхимын ирцийн самбар өөр дүр зураг харуулж, хуваагдал байхгүй гэж хэлсэн өдөр хуралдаанд ирэх дээрээ хуваагдсан байдал илэрсэн нь улс төрийн хамгийн ёжтой тайлбар болж үлдэв.
Чуулганы ирц ч энэ дүр зургийг улам тодруулж, МАН-ын 68 гишүүнээс 44 нь ирцээ бүртгүүлсэн бол 24 гишүүн ирээгүй бөгөөд тэдний 16 нь 30-ын талын гэгдэх гишүүд байсан, үүнээс Х.Булгантуяа, Б.Баярбаатар нар эмнэлгийн чөлөөтэй, Х.Баасанжаргал томилолттой байсан бол хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй 14 гишүүн мөн бүгд 30-ын талын гэгдэх гишүүд байсан гэх мэдээлэл гарч, улмаар ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох асуудлыг танилцуулах чуулганыг ирэх даваа, мягмар гарагт хуралдуулах шийдвэрийг Даргын дэргэдэх зөвлөл гаргалаа.
Төсвийн тодотголоо ч баталж амжихгүй нь
Үндсэн хуулийн зарчим, эрх мэдлийн хуваарилалтын хүрээнд УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг бол Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг учраас Засгийн газрын бүрэлдэхүүн, дотоод улс төрийн асуудал УИХ-ын хууль тогтоох үндсэн ажлыг бүхэлд нь гацаах хэмжээнд хүрэх нь төрийн институцүүдийн хийх ёстой ажлын эрэмбэ алдагдаж байгаагийн шинж болохоос хэн нэгнийг сайдаар томилох эсэх нь улсын төсөв батлахтай ижил ач холбогдолтой асуудал гэсэн үг биш.
УИХ Засгийн газрын асуудлыг хэлэлцэж болно, Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж болно, нам дотор улс төрийн байр суурийн зөрүү гарч болно, хэн нэгнийг сайдаар томилох эсэх дээр санал зөрж ч болно, харин энэ бүх улс төрийн үйл явц улсын төсөв, эдийн засгийн бодлого, иргэдийн амьдралтай холбоотой шийдвэрүүдийг хойш тавих шалтгаан болж болохгүй.
Учир нь төсөв хэнийг сайдаар томилохыг хүлээдэггүй, аль тал нь олонх болохыг ч хүлээдэггүй, намын дотоод тохиролцоо хэзээ дуусахыг ч хүлээдэггүй бөгөөд хуульд заасан хугацаа нь болохоор батлагдах ёстой.
АН-ын нарийн бичгийн дарга Н.Лхагвадорж өчигдөр МАН өдөр алгасалгүй томилгоо хийж байгаа атлаа улсын төсөв, цаашлаад иргэдийн амьдралыг бодохгүй байна гэж мэдэгдсэн нь мэдээж улс төрийн байр суурь боловч өнөөдрийн нөхцөл байдлын гол зөрчлийг нэг өгүүлбэрээр илэрхийлж байна.
Төр хэнийг томилохоо шийдэх гэж цаг гаргаж байгаа хэрнээ хэзээ төсвөө батлах вэ гэдэг илүү чухал асуудал нь улс төржилтийн дуу чимээний цаана дарагдаж байна.
Энэ асуудлыг зөвхөн МАН-ын дотоод хагарал гэж харах нь ч хангалтгүй бөгөөд эндээс төрийн байгууллагууд өөрсдийн хийх ёстой ажлын дарааллыг алдаж байна уу, улс төрийн зөрчил төрийн үндсэн үйл ажиллагааг барьцаалж байна уу гэсэн илүү том асуулт урган гарч байна.
Өнөөдөр Монголын төрд дахин нэг улс төрийн мэдэгдэл, дахин нэг томилгооноос илүүтэйгээр хийх ёстой ажлаа эрэмбэлэх шаардлага тулгарч байна. Хэн нь хэнийгээ намнах, аль тал нь олонх болох, хэнийг сайдаар тавих вэ гэсэн улс төрийн тооцоо үргэлжилж болох ч энэ бүхний хажуугаар төсвийн тодотголоо шийдэж, 2027 оны төсвөө хуулийн хугацаанд дөрвөн үе шаттай хэлэлцэн батлах ажил зогсох ёсгүй.
Эцсийн дүндээ төсөв бол намын дотоод маргааны протокол биш, төрийн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөний онооны самбар ч биш, харин иргэдийн амьдралд шууд нөлөөлөх төрийн санхүүгийн бодлогын үндсэн баримт бичиг учраас УИХ-ын танхимын хоосон суудал нэмэгдэх бүрд улс төрийн зөрчил л нэмэгдэж байгаа мэт харагдаж болох ч үнэн хэрэгтээ хуульд заасан төсвийн хугацаа л улам ойртсоор байна.
Улс төрчид хэн нь хэнийгээ унагаахыг хүлээж болно, харин 11 дүгээр сарын 15-ны өдөр хэнийг ч хүлээхгүй.










