
Иргэн Н.Шинэцэцэг өмгөөлөгчийн хамт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст 2026 оны есдүгээр сарын 16-нд албан ёсоор гомдол гаргасан. Уг гомдол өнөөдөр холбогдох гишүүдэд хуваарилагдаж, танилцах болон судлах ажиллагаа эхэлжээ. Тэгвэл энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоос тодрууллаа.

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд: Гомдлын ерөнхий агуулгыг авч үзэхэд тухайн асуудал нь одоогоор шүүхийн шатанд шийдвэрлэгдэж байгаа хэрэгтэй холбоотой байна. Харин ХЭҮК-ын тухай хуульд эрүү, иргэн, зөрчлийн хэрэг шүүх болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд явж байгаа тохиолдолд тухайн хэрэг, маргаанд оролцохгүй байх зохицуулалттай. ХЭҮК-ын зүгээс тухайн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх үйл явцад оролцохгүйгээр, гомдолд дурдсан бодлогын шинжтэй асуудлуудыг тусад нь судалж, холбогдох дүгнэлт, шийдвэрийг гарган гомдол гаргагчид хариу өгөхөөр ажиллаж байгаа.
Мөн асуудлыг зөвхөн гомдол гаргагчид хариу өгөөд орхихгүй, бодлогын түвшинд авч үзэхээр төлөвлөж байна. Тухайлбал, шаардлагатай тохиолдолд Улсын Их Хуралд асуудлыг танилцуулах, хууль санаачлах эрх бүхий субъектүүдэд санал хүргүүлэх, ийм төрлийн гэмт хэргийн хүрээнд үүссэн тодорхой хэргүүдийг системийн түвшинд судлан үнэлэлт, дүгнэлт өгөх юм. Үүний үндсэн дээр хүний эрхийг хамгаалах, хохирогчийн эрхийг нөхөн сэргээх тогтолцоог боловсронгуй болгох, холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах санал, зөвлөмж гаргах чиглэлд ажиллана гэж ХЭҮК-ын зүгээс мэдээллээ.










