
Унтуулгатай хагалгаанд орох үеэр хэрэглэдэг “Фентанил” тариа улсын хэмжээнд тасраад сар гаруй болж байгаа мэдээллийг СХД-ийн Нэгдсэн эмнэлэгийн эмч Б.Хонгор цахим хуудсандаа мэдээлсэн.
Тэрбээр “Ерөнхий мэдээгүйжүүлэгчтэй (унтуулгатай) төлөвлөгөөт хагалгаанууд орох боломжгүй боллоо шүү! хүмүүсээ. Унтуулгын үеэр хэрэглэдэг зарим тариа (фентанил) тасраад сар орчмын нүүр үзэж байна. Энэ хугацаанд манай эмнэлэгт лав хааяа хааяадаа амь зогоох хэдхэн ширхгийг өгч, өнөөхийгөө хэдэн тасагтаа дотроо хуваарилж тарааж амь зогоож байгаа үзэгдэл танил боллоо. Энэ байдал хэдий хүртэл үргэлжлэхийг, ямар арга хэмжээ авч байгаа талаар одоогоор тодорхой мэдээлэлгүй л энэ тариаг зайлшгүй хэрэглэдэг эмнэлгийн ажилчид маань хий дэмий санаа зовсон байдалтай төлөвлөгөөт хагалгаанд орох хүмүүсээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулсаар л байна” гэсэн.
Тэгвэл үүнд Эрүүл мэндийн яамнаас 2026 оны есдүгээр сарын 16-нд мэдэгдэл хийлээ.
Харин наймдугаар сарын 20-ноос эхлэн уг тарианы хомсдол үүссэн.
Энэ хугацаанд эмийн хомсдолыг зохицуулахын тулд импортоор нөхөн орлуулах, мөн хэрэгцээ багатай эмнэлгүүдийн нөөцөөс хэрэгцээ өндөртэй эмнэлгүүдэд татан төвлөрүүлж нийлүүлэх зэрэг арга хэмжээг авч байгааг эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Алтанцэцэг мэдээллээ.
Тэгвэл нөгөө талд эмнэлгүүд ханган нийлүүлэгч компанид төлбөрөө хугацаанд нь барагдуулахгүй байх нь нийлүүлэлтийн сүлжээнд санхүүгийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй гэж үзэж байна. Тухайлбал: ЭХЭМҮТ, Хавдар судлалын эмнэлэг, Өмнөговь аймгийн эмнэлгүүд зэрэг бол төлбөрөө хугацаанд нь барагдуулаагүй байгаа аж.
Мөн эмийн хангамжид хүндрэл үүссэн тохиолдолд эмнэлэг ханган нийлүүлэгч болон үйлдвэрлэгч компанид албан ёсоор, урьдчилан мэдээлэх шаардлагатай юм. Иймээс есдүгээр сарын 11-нээс эмнэлгүүдээс фентанилын нөөц, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар албан бичиг авч эхэлсэн байна. Ингэснээр эмнэлэг бүрийн үлдэгдэл нөөц, хэрэгцээ, нийлүүлэлт тасалдаж буй шалтгааныг баримтад тулгуурлан тооцож, шаардлагатай хуваарилалтыг хийх боломж бүрдэж байгааг ЭЭХХЗГ-аас хэлж байлаа.










