
Олон Улсын Эрчим Хүчний агентлаг нүүрсний эрэлт энэ онд буурахгүй харин ч өсөх хандлагатай байгааг хүлээн зөвшөөрчээ.
2022 онд ОХУ Украин руу довтолж, дайн эхлүүлсний улмаас буурах төлөвтэй байсан нүүрсний эрэлт өсөж эхэлсэн бол энэ удаад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Ираны эсрэг дайн болон дэлхийн дулаарлаас болж нүүрсний эрэлт дахин өсөх төлөвтэй байгааг BBC агентлаг онцолжээ.
Нүүрс нь дэлхийн дулаарлын гол шалтгаан болох хүлэмжийн хийг агаарт хамгийн ихээр хаядаг эрчим хүчний эх үүсвэр юм. Нүүрснээс татгалзах нь дэлхийн дулаарлыг цельсийн +1.5-2 хэмд барих хамгийн энгийн арга тул 2015 онд улс орнууд хүлэмжийн хийг бууруулах амлалтыг өгч байсан юм. 2019, 2020 онуудад нүүрсний салбар уналтад орж, 2021 онд Глазго хотод болсон уур амьсгалын чуулга уулзалтын үеэр улс орнууд нүүрсний станц нэмж барихгүй байх зоригтой шийдвэр гаргасан юм.
2022 онд ОХУ Украин руу довтолсноос болж Европт байгалийн хийн үнэ тэнгэрт хадаж, нүүрс нь буцаад хийг орлох эрчим хүчний хамгийн хямд эх үүсвэр болсон юм. 2025 он хүртэл нүүрсний эрэлт өссөн үзүүлэлттэй байсан ч Олон Улсын Эрчим Хүчний агентлаг 2026 онд нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж тооцоолж байсан юм. Гэтэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иран руу довтлох шийдвэр гаргаснаас болж газрын тосны дэлхийн нийт худалдааны 20 хувь, шингэрүүлсэн хийн 30 орчим хувь дамждаг Ормузын хоолойн хөдөлгөөн зогсож, үүнээс болж Ойрх Дорнодоос газрын тос импортлогч Ази, Европын орнууд нүүрсний эрчим хүчээ сэргээхэд хүрсэн юм.
Түүнээс гадна энэ зун олон жилийн дунджаас халуун болж өнгөрсөнтэй холбоотойгоор цахилгаан эрчим хүчний эрэлт огцом өсөж, эрчим хүчний хямралыг улам гүнзгийрүүлжээ. Үүн дээр нэмээд ган гачиг, хэт халалт, үер усны гамшигт хөтөлдөг Эль Нино байгалийн үзэгдэл энэ оны сүүл, 2027 оны эхээр оргил үедээ хүрэх төлөвтэй байгаа нь эрчим хүчний эрэлтийг улам нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Үр дүнд нь Олон Улсын Эрчим Хүчний агентлаг 2026 онд нүүрсний эрэлт 2025 оныхоос 1.5 хувиар буурна гэж тооцоолж байсныгаа өөрчилж, нүүрсний эрэлт 1.2 хувиар өснө гэсэн тооцоо гаргажээ.










