
Энэ оны 6-р сарын сүүлээс эхлэн БНСУ-д сталкинг гэмт хэрэг буюу зөвшөөрөлгүй мөрдөж мөшгиж, хүний хувийн халдашгүй дархан байх эрхэд халдах гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн бодит байршлыг хохирогчдод харуулдаг аппликейшн ажиллаж эхэлжээ. Уг аппликейшн нь сталкинг гэмт хэрэгт өртсөн хохирогчдод сталкерууд нь өөртэй нь 2 км радиуст ойртсон тохиолдолд сталкерынх нь бодит байршлыг харуулж, хууль сахиулагчдыг иртэл сталкераасаа нуугдах, ойр хавьд байгаа хүмүүсээс тусламж хүсэх боломжийг олгох аж.
Сталкинг гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчид 1 км радиуст ойртсон тохиолдолд тухайн аппликейшн нь цагдаагийн газар болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдад анхааруулга өгөх байх үүний дараа тухайн албан хаагчид хохирогчтой холбогдож, сталкер нь ойрхон байгааг мэдэгдэх аж. Өмнө нь сталкингийн хохирогчдод сталкер нь ойрхон явааг зөвхөн мессежээр анхааруулдаг байсан ба ингэхдээ сталкерынх нь байршлыг тодорхой мэдээлдэггүй байсан аж.
БНСУ-д сүүлийн жилүүдэд сталкинг гэмт хэргийн тоо өссөөр байгаа юм. 2021 оноос тус улсад сталкинг гэмт хэргийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 4 жилийн хугацаанд сталкинг гэмт хэргийн дуудлага 3 дахин нэмэгдэж, зөвхөн 2025 онд ийм төрлийн 44 687 хэрэг бүртгэгджээ. Хамгийн сүүлд л гэхэд сталкинг гэмт хэрэгт холбогдож, шүүхээс экс найз бүсгүйдээ ойртохыг хориглосон шийдвэр сонссон эр Сөүл хотын Намянжү дүүрэгт экс найз бүсгүйгээ ажлаа тараад явж байхад нь машиных нь цонхыг өрөмөөр хагалан, хутгалж, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ.
Сталкинг гэмт хэргийн хохирогчдын 80 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа аж.
Сөүл болон Дэжён дахь хяналтын хоёр төв бэлгийн хүчирхийлэл, хүний амь хөнөөх, сталкинг зэрэг гэмт хэрэгт холбогдсон, цахим гавтай 5000 гаруй хүний байршлыг хянадаг ба тус хоёр төв өдөрт 19 мянган зөрчил илрүүлдэг байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэг албан хаагч дунджаар 20 гаруй хүнийг хянах ба БНСУ-ын Хууль зүйн яам энэ тоог 50 хувиар бууруулж, албан хаагчдын ачааллыг багасгахыг зорьж байгаа аж.
2024 ба 2025 онд цагдаа нар сталкинг гэмт хэрэгтэй холбогдсон этгээдэд цахим гав зүүх зөвшөөрөл олгох 1187 хүсэлтийг шүүхэд илгээснээс шүүх дөнгөж 427-д нь зөвшөөрөл олгожээ.
Эх сурвалж: The Guardian










