
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар алдарт дуучин Леди Гага хүүхэдтэй болжээ. Page Six сайт өнгөрсөн баасан гарагт дуучин бүсгүйн сүйт залуу Майкл Поланскийн хамт нялх хүүхэд тэврэн гудамжинд алхаж буй зургийг нийтэлсэн бол People сэтгүүлд эх сурвалжууд Леди Гага үрийн зулай үнэрлэсэн тухай тухайн хүүхдийн нэр, хүйс, мэндэлсэн сар өдрийг дурдалгүйгээр мэдэгджээ.
40 настай Леди Гага, 42 настай М.Полански нар 2019 оноос хойш үерхэж, 2024 оны 4-р сард сүй тавьсан юм. М.Полански нь Харвардын их сургуулийг төгссөн, технологийн стартап компаниудад хөрөнгө оруулагч бөгөөд Avos Capital Management, Outer Biosciences, Hawktail зэрэг компанийг үүсгэн байгуулагч юм. Тэрээр хавдрын эсрэг эмчилгээний судалгаа шинжилгээ хийдэг Parker Institute for Cancer Immunotherapy байгууллага болон сүйт бүсгүй Леди Гагагийн гоо сайхны Haus Labs компанийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг аж. Түүнээс гадна М.Полански сүйт бүсгүйнхээ сүүлийн Mayhem цомогт багтсан хэд хэдэн дууг зохиолцжээ.
Дуучин бүсгүйн сүйт залуугийн хөрөнгө 600 сая орчим ам.доллароор хэмжигдэх бол Леди Гага 300 орчим сая ам.долларын хөрөнгөтэй гэгддэг.
Леди Гагагийн 9 сарын турш үргэлжилсэн сүүлийн The Mayhem Ball аялан тоглолт энэ оны 4-р сард дууссан ба тэрээр хамгийн сүүлд 5-р сард Лос Анжелес хотноо нэгэн арга хэмжээнд оролцсоноосоо хойш олон нийтийн өмнө гараагүй юм.
Эх сурвалж: Page Six










