
Ерөнхий сайд Н.Учрал өөрийн гэр бүлийн хамаарал бүхий “Их Засаг Кинг” сургуульд улсын төсвөөс хувьсах зардал олгохоор тусгасан гэх мэдээлэлд тайлбар хийлээ.
“Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль хувьсах зардал, санхүүжилт авах ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Тийм нотлох баримт байхгүй. Боловсролын яам санхүүжилтийн асуудлаа олон нийтэд будилуу яриагаар биш, баримттай ярих хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Мөн нийслэлээс үйл ажиллагаа явуулж буй бүх сургуулиас хүсэлт авч, дүүрэг бүрд шаардлагатай суудлын тоог тооцсон хэмээн тайлбарлалаа.
Н.Учрал “Хэн нэгний өгсөн Excel файлыг барьж ирээд асуудал дэвэргэх шаардлагагүй. Төсвийг Excel файлаар хэлэлцдэггүй. Баталгаагүй мэдээлэл бүхий файл нийтэлж, миний нэр хүндэд халдаж байгаад үнэхээр гомдолтой байна” гэсэн юм.
Түүнчлэн өөрийн ажил, мэргэжил болон гэр бүлийн нэр хүндийг улс төрийн асуудалтай холбохгүй байхыг хүсэв. Тэрбээр аав, ээж нь боловсролын салбарт олон жил шударгаар хөдөлмөрлөж ирснийг онцолж, тэднийг улс төрийн маргаанд татан оролцуулж байгаад харамсаж буйгаа илэрхийллээ.
Мөн уг асуудлыг Төсвийн тухай хуулийн дагуу нээлттэй хэлэлцэж, баримтад үндэслэн шийдвэрлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.










