
Ардчилсан намын төлөөлөл Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж, шалгуулах хүсэлт хүргүүллээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга Б.Энхмөнх Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий “Их Засаг Кинг” сургуульд 3.5 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгохоор 2026 оны төсвийн тодотголд тусгасан гэж мэдээлэв. Улмаар Ерөнхий сайд өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн засгийн давуу байдал бий болгохын тулд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.
Мөн тэрбээр ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх ажиллагаанаас Ерөнхий сайд татгалзах үүрэгтэй байсан гэж тайлбарлав. Тиймээс авлигын гэмт хэрэг үйлдэхээр завдсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгуулахаар холбогдох баримт, материалыг АТГ-т өгсөн байна.
Түүнчлэн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирт дарамт үзүүлсэн байж болзошгүй гэх бичлэг болон бусад баримтыг гомдолд хавсаргаснаа мэдэгдэв.
АН-ын төлөөлөл “Ард түмний хүүхдүүд гурван ээлжээр, нэг ширээнд хоёр хүүхэд сууж хичээллэж байхад Ерөнхий сайдын гэр бүлийн сургуульд төсвөөс 3.5 тэрбум төгрөг олгох гэж байна” хэмээн шүүмжилсэн юм. Мөн Ерөнхий сайд Н.Учралыг огцрох хүртэл Төрийн ордны баруун хаалганы дэргэд суулт зарлахаа мэдэгдлээ.










