
Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор өдрийн турш сургууль дээрээ өнгөрөөх хүүхдүүдийн хувьд хоол, хүнс хамгийн чухал асуудлын нэг. Гэвч үнэ болон сонголтын хязгаарлагдмал байдлаас шалтгаалан хүүхдүүд гэрийн хоолноос илүүтэй пирошки, ороомог, кимбаб, бэлэн гоймон зэрэг шууд хэрэглэхэд боломжтой бүтээгдэхүүнүүдийг сонгох болсон.
Хүүхэд цатгалан байлаа гээд бие махбодид шаардлагатай бүх шим тэжээлээ авч байна гэсэн үг биш.
Өсөлт, хөгжил ид явагдаж буй сургуулийн насанд уураг, амин дэм, эрдэс бодис, эслэг зэрэг олон төрлийн шим тэжээлийг зохистой хэмжээгээр авах шаардлагатай. Харин өдөр тутмын хоолны оронд бэлэн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэснээр хүүхдийн хоол тэжээлийн тэнцвэрт байдал алдагдах эрсдэлтэй юм.
Тэгвэл хүүхдүүдийн хамгийн их сонгож буй эдгээр бэлэн бүтээгдэхүүнүүд шим тэжээлийн хувьд ямар вэ? Хүүхдийн өсөлт, хөгжилд ямар нөлөө үзүүлдэг талаар АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Шим тэжээл судлалын тэнхимийн багш Б.Гантулгын ярилцлагыг хүргэе.

-Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор сурагчдын хооллох цагийн хуваарь болон өдөр тутмын хооллолтод өөрчлөлт ордог. Сургуулийн насны хүүхдийн өсөлт, хөгжилд энэ насанд ямар шим тэжээл хамгийн чухал байдаг вэ?
-Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 тоот тушаалаар Монгол Улсын хэмжээнд насны бүлгүүдэд тохирсон “Хоногт авбал зохих илчлэг, уураг-өөх, тос-нүүрс усны харьцаа аминдэм, эрдэс бодисын зөвлөмж хэмжээ” батлагдсан байдаг. Энэ зөвлөмжид тулгуурлан өдөр тутмын хоол, хүнс нь сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилд шаардлагатай уураг, кальци, төмрөөр баялаг, мөн бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангах хэмжээний илчлэгтэй байх шаардлагатай байдаг.
-Жишээ нь, хүүхэд өдөр бүрийн өдрийн хоолоо пирошки, ороомог, кимбаб зэрэг бэлэн бүтээгдэхүүнээр орлууллаа гэж бодъё. Богино хугацаанд цатгалан мэдрэмж төрөх боловч биед шаардлагатай ямар шим тэжээл дутагдаж үлдэх эрсдэлтэй вэ?
-НЭМҮТ-өөс гаргасан ангиллаар эдгээр бэлэн бүтээгдэхүүн нь ихэвчлэн “хориглох хүнс”-ий ангилалд орно л доо. Мөн ЕБС-ийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний жагсаалтад ч эдгээр бүтээгдэхүүнүүд ордог. Яагаад гэхээр шарсан, нөөшилсөн, транс тос агуулсан байдаг учраас хүүхдийн хоол, хүнснээс авах шаардлагатай шим тэжээлийг хангаж чадахгүй. Үүний оронд бүхэл үр тариа, жимс жимсгэнэ, сүү, цагаан идээ, хонь, үхрийн махаа ихэвчлэн хэрэглээд явах нь илүү сайн гэсэн үг л дээ.
-Ийм төрлийн бүтээгдэхүүнийг хааяа хэрэглэх нь нэг асуудал, өдөр бүр хоолны үндсэн эх үүсвэр болгох нь өөр асуудал байх. Хэрэглээний давтамжийг ямар түвшинд “эрсдэлтэй” гэж үзэх вэ?
-БШУЯ Эрүүл мэнд, Сангийн яамны 2020 оны хамтарсан тушаалаар бага ангийн хүүхэд хоногийн шим тэжээлийн 35%-ийг сургуулийн үдийн хоолоор авах ёстой гэж заасан байдаг. Энэ хэмжээнээс харахад хүүхэд сургуулиас бусад газар идсэн хоол, зуушны ихэнх нь бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн байгаад байвал өдөрт хоол хүнснээс авах ерөнхий зөвлөмж хэмжээндээ хүрэхгүй байх эрсдэлтэй, үүнээс үүдээд шим тэжээлийн дутагдалд орж эхэлнэ гэсэн үг. Огт хэрэглэхгүй байна гэдэг үнэхээр хэцүү байдаг бол дор хаяж 7 хоногт 1-2 удаа, бага хэмжээгээр хэрэглэх эрсдэл харьцангуй бага болов уу.
-Тогтмол хэрэглээ хүүхдийн эрүүл мэндэд ямар урт хугацааны нөлөө үзүүлж болох вэ?
-ЭМЯ, НЭМҮТ, ЮНИСЕФ хамтарсан “Хүн амын хоол тэжээлийн байдал” Үндэсний VI судалгаа хийгдсэн. Энэ судалгаа бол Монгол улсын хүн амын бүх насныхныг хамруулсан хоол, шим тэжээлийн байдлын талаарх хамгийн том судалгаа л даа. Уг судалгааны дүнд хүүхдийн боловсруулсан, амттай бэлэн бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр илүүдэл жин, таргалалтын тархалт нь маш хурдацтай нэмэгдэж байна гэсэн үр дүнгүүд гарсан нь бусад судалгааны үр дүнтэй ч нийцэж байгаа юм.


-Эцэг эхчүүд бүтээгдэхүүн сонгохдоо шошгоны яг аль үзүүлэлтийг анхаарах ёстой вэ?
-Нэн түрүүнд үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг харна. Түүний дараа тухайн бүтээгдэхүүний найрлагын мэдээллээс ханасан өөх тос, нэмэлт сахар, орц найрлагаас харшлах түүхий эд орсон эсэхийг харах нь чухал байдаг. Шошго гэдэг бол тухайн хүнсний бүтээгдэхүүний талаарх бүх мэдээллийг хэрэглэгчид танилцуулж байгаа хэсэг гэсэн үг. Тухайн бүтээгдэхүүний орц, найрлагыг харахдаа хүртэл танай гэр бүлийн гишүүдэд хүнснээс харшилдаг хэн нэгэн байвал эрсдэлтэй байх боломжтой юм шүү гэдэг байр сууринаас хандах хэрэгтэй болов уу.
Мөн дээр нь транс тос, маргарин орсон эсэх, хэдэн төрлийн ямар нэмэлтүүд орсон байна. Нэмэлт сахар болон давс/натри хэдий хэмжээнд байна гэх мэт мэдээллийг сайтар харах хэрэгтэй. Нэмэлт тос, сахар, давсны агуулж их байгаа нь тухайн бүтээгдэхүүний шим тэжээллэг байдал багатайг илэрхийлж байгаа.
-Тэгвэл бид хүүхдийг буруу хооллож байна гэж хэлэхээсээ өмнө хүүхэд зөв хооллох боломжтой орчныг бүрдүүлж бас чадсан уу гэж асуух нь зүйтэй байх. Энэ талаар та?
-Зарим судалгаагаар 6 хүртэлх насны хүүхдийн хоол, шим тэжээлийн байдал гэрт нь хэн хоол хийж, хүнс цуглуулж байгаагаас шууд хамаардаг гэж үздэг. Тэгэхээр мэдээж дийлэнх айлуудын ээж нар тухайн гэр бүлийн хоол, хүнсний сонголтыг шийддэг байх. Үүнийгээ дагаад тухайн гэрийн орчинд ямар төрлийн хүнсний хэрэглээ давамгайлж байна.
Түргэн хоол идэж байна уу эсвэл гэртээ хоолоо хамтдаа хийгээд идэж байна уу гэх мэт нь гэр бүлийн хооллолтын дадал, зан үйл гэх мэт хүчин зүйлээс хамааран хүүхдийн хоолны сонголт өөр өөр байдаг гэсэн үг. Хүүхэд бидний толь гэдэг үг хоол, хүнсний сонголт дээр ч гардаг гэсэн үг л дээ.
Хүүхдийн хамгийн их цагаа өнгөрөөдөг орчин бол гэр, сургууль байдаг учраас гэр бүлийн зүгээс энэ орчинд анхаарахад гэрээс бусад орчинд хүүхдийн хүнсний сонголт дагаад маш хурдан эерэгээр өөрчлөгддөг.
-Хүүхдүүд яагаад ийм төрлийн бэлэн, амт ихтэй бүтээгдэхүүнийг илүү сонгох хандлагатай байдаг вэ? Хоолны амт, үнэр, бүтэц болон хүнсний маркетинг хүүхдийн идэх дадалд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Энд хэд хэдэн зүйл нөлөөлдөг. Хүүхэд угаасаа чихэрлэг, амттай зүйлд дуртай, гашуун амтанд мэдрэмтгий байдаг. Бид нар ч гэсэн бага байхдаа чихэртэй, амттай зүйлд дуртай байсан. Чихэрлэг юманд дуртай юм чинь гээд дандаа чихэртэй, амттай болгоныг сонгож өгөөд байж болохгүй. Аль болох нялх үедээ нэмэлт хоолонд орсон цагаас нь олон төрлийн хүнсийг, бага багаар, зөв дарааллаар өгч олон төрлийн амтыг таниулах шаардлагатай. Цөөхөн төрлийн хүнс хэрэглээд өссөн хүүхэд бол тэр төрлийн амтыг л түлхүү сонгож мэдрэх гээд байдаг сул талтай.
Мөн нэмэлт сахартай, чихэрлэг бүтээгдэхүүний хувьд тэдгээрийн хэрэглэгчид нь хүүхдүүд байдаг. Хүүхдийн анхаарлыг татахуйц сав, баглаа боодолтой, хүүхдийн телевизийн хөтөлбөр дундуур чихэрлэг хүнс эсвэл түргэн хоолнууд маш их гарч байдаг. Дэлгүүр, супермаркетуудад орохоор хүүхдийн гар хүрэх газар эсвэл орох хаалганы хамгийн эхний тавиурт дан чихэрлэг ундаа, бүтээгдэхүүнүүд байдаг. Энэ бол маркетингийн нөлөө. Тэгхээр энэ чихэрлэг хүнс, түргэн хоолны зах зээлийг эцэг эхчүүд бид эсэргүүцээд огт үйлдвэрлэхгүй болгож чадахгүй.



Бидний чадах зүйл юу гэхээр эдгээр хүнсийг хэрэглэх нь хожимдоо хүүхдийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ гэдгийг эцэг, эхчүүд өөрсдөө эхлээд сайн ойлгоод, дараа нь хүүхдэдээ ойлгуулбал энэ төрлийн хүнсийг худалдаж авах давтамжийг багасгах боломжтой.
-Түргэн хоол, бэлэн бүтээгдэхүүний найрлагад байдаг ханасан өөх тос болон хүнсний нэмэлтүүд хүүхдийн өсөлт хөгжил хэрхэн нөлөөлдөг вэ?
-Ханасан өөх тос, зарим дулааны боловсруулалтын нөлөөгөөр өөрчлөлтөд ордог нэгдлүүдийн хувьд хүүхдийн өсөлт хөгжилд сөрөг нөлөөтэйгөөс гадна илүүдэл жин, таргалалтыг нэмэгдүүлж бодисын солилцооны гаралтай эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Энэ нь цаашлаад хүүхдийн тархины үйл ажиллагаа, сурлагын амжилттай шууд хамааралтай байдаг. Өдөр тутмын хоол, хүнсний сонголтдоо түргэн хоол, хэт боловсруулсан хүнсийг заавал хэрэглэх ёстой гэсэн зөвлөмж дэлхийн аль ч улсад байхгүй. Хэрэглэж болохгүй гэж хорихоос илүүтэй эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг таниулах нь хамгийн үр дүнтэй байдаг шүү.
-Эцэг эхчүүд хүүхдийнхээ өдрийн хоолыг бэлдэхдээ заавал үнэтэй бүтээгдэхүүн авах шаардлагатай юу?
-Үгүй ээ. Үнэтэй байх тусмаа чанартай гэж ойлгоод байх шиг байгаа юм. Хамгийн хямд зүйл бол ямар нэгэн газар хийсэн хоол биш, дэлгүүрт зарагддаг шууд иддэг бүтээгдэхүүн биш байхгүй юу. Хүнсний дэлгүүр, хүнсний зах дотор зарагддаг төмс, лууван, байцай гээд ямар нэгэн боловсруулалт хийгээгүй хүнсний эдүүд хямд байдаг. Талх шууд авах, гурилаа аваад талх хийх 2-ын ялгаа их шдээ тэ. Энгийнээр хэлэхэд ногоогоо, махаа, жимсээ, гурилаа худалдаж аваад гэртээ хоол хийвэл бэлэн бүтээгдэхүүн худалдаж авдаг үнээс хамаагүй хямд зардалтай.
-Хямд төсвөөр шим тэжээлийн хувьд тэнцвэртэй ямар хоол бэлдэх өгвөл зохистой вэ?
-Тэнцвэртэй хоол гэдэг нь өөрөө тухайн хүүхдийн насанд тохирсон, өсөлт хөгжлийг дэмжихүйц шим тэжээлийн агууламжтай байх шаардлагатай л даа. Шим тэжээлийн тэнцвэртэй байхаас гадна хоолны түүхий эд буюу орц найрлага нь шаардлага хангасан байх, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж боловсруулах хэрэгтэй. Нэг төрлийн хүнсийг 7 хоногийн бүх өдөр хэрэглээд байхаасаа илүүтэй аль болох өлөн төрлийн хүнсийг хэрэглэж, туршиж үзэх хэрэгтэй.
-Хүүхэд сургууль дээрээ бэлэн бүтээгдэхүүнээс өөр сонголтгүй байдалд орвол дараах бүтээгдэхүүнүүдээс алийг нь сонговол арай илүү тэжээлтэй байх вэ? Жишээлбэл, ороомог кимбаб, сэндвич, бууз, бэлэн гоймон зэргээс сонгох шаардлагатай бол юуг харж сонгох вэ?
-Бүгд л ерөнхийдөө богино хугацаанд идэх тохиромжтой хоол, зуушнууд байна. Эдгээрээс өөр сонголтгүй тохиолдолд юуг харах вэ гэвэл кимбаб, сэндвич, буузанд ногоо, мах, өндөг хэр зэрэг орсон байна гэдгийг шошгоноос харна. Харьцангуй бага хэмжээний ногоо, мах орсон, дийлэнх нь цагаан будаа, цагаан гурил боловч хэд хэдэн хүнсний бүлгийг багтаасан учраас сонгож хэрэглэхэд илүү тохиромжтой. Бэлэн гоймонгийн хувьд давс, өөх тос их, ногоо бага учир шим тэжээлийг авах зөв эх үүсвэр гэж хэлэхгүй.



-Сүүлийн асуултаа асууя. Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор эцэг эхчүүд хүүхдийнхээ хооллолтод яг одооноос хэрэгжүүлж болох хамгийн чухал 3 алхмыг хэлвэл?
-Нэгдүгээрт, аль болох гэртээ хоолоо хийж, гэртээ хооллоосой гэж хүсмээр байна. Дан бэлэн бүтээгдэхүүн, бэлэн хоол гаднаас худалдаж аваад юмуу захиалахад юмны үнэ нэмэгдсэн энэ үед зардал ихтэй. Харьцангуй хүнсний түүхий эдээ худалдаж аваад гэртээ хоолоо хийгээд идвэл өртөг бага, гэр бүлийн гишүүдэд тохирсон, олон нэр төрлийн амттай хоолыг идэх боломж нь илүү их байдаг л даа.
Хоёрдугаарт, өглөө босоод одоо юу идэх вэ гэж сандархаасаа илүүтэй гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцаад 7 хоногийн цэс боловсруулаад үзээрэй. Энэ цэсэнд хүн бүрийн өөрийн дуртай хоолоо хэлнэ, түүнийхээ дагуу хүнсээ цуглуулаад, хамт бэлдэлцэнэ, биечлэн оролцох нь хүүхдүүдийн хувьд хоолны дуршлыг илүү нэмэгдүүлдэг. Гэр бүлийн санхүүгээ төлөвлөхөд ч мөн нэмэр болдог. Гуравдугаарт, гэр бүлийн гишүүн бүр хүнсний бүтээгдэхүүний шошго гэдэг зүйлийг уншиж сураасай гэж хүсэж байна.
Шошго гэдэг нь тухайн бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй байдаг болов ч хүмүүс ихэвчлэн хугацаа нь дуусаагүй юм чинь гээд шууд авчихдаг. Шошгоны бүрэн мэдээллээ уншаад сурчихвал гэр бүлийн хүнсний сонголт нилээн аятайхан болж эхэлдэг.
-Нэмж хэлэхэд хичээлийн цагаас үл хамааран хүүхдүүддээ заавал “Өглөөний цай”-г нь уулгаж хэвшээсэй гэж хүсмээр байна. Өглөөний цай уугаагүй хичээлдээ явах нь цаашдын эрүүл мэндийн байдал, сурлагын амжилт, хэвийн өсөлт хөгжил зэрэгтэй салшгүй холбоотой. Гучхан минутын өмнө эрт босоод өглөөний цайг нь бэлдээд өгөх нь хамгийн том хайр шүү.
Үнэтэй хувцас, төлбөртэй сургууль, сайн орон сууцнаас илүүтэй эрүүл үр хүүхэдтэй байхын үндэс нь “Өглөөний цай” юм.
С.Бадамханд










