
Төрийн өмчит компаниуд үе үеийн Засгийн газрын хувьд төрийн өмчийг удирдах эдийн засгийн институцээс илүүтэйгээр улс төрийн шийдвэрээ санхүүжүүлэх “мөнгөний хэтэвч” болон ашиглагдаж ирсэн нь үнэн.
Харин одоо Засгийн газар энэ тогтолцоог өөрчлөх нэрийн дор төрийн өмчит компаниудын мөнгөн урсгалыг улсын төсөв рүү татах гэж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр энэ асуудлыг ил тод хэлсэн.
Түүний мэдээлснээр, төрийн өмчит компаниудын нийт хөрөнгө 60 их наяд төгрөг, жилийн төсөв буюу зарцуулалт нь 20 их наяд төгрөгт хүрдэг. Энэ хэмжээний хөрөнгө, зарцуулалт УИХ-аар хэлэлцэгдэлгүйгээр компанийн удирдлагын түвшинд шийдэгдэж ирсэн бөгөөд “хэмжээ хязгааргүй авлига, хулгай цэцэглэсэн” гэсэн.
Тэгвэл Засгийн газар ТӨК-иудын 60 их наядын хөрөнгийг яг яах гэж байна вэ?
Түүнээс ч чухал нь Төрийн өмчит компаниудын мөнгийг захирлуудын гараас авч УИХ-ын хяналтад оруулах гэж байна уу, эсвэл Засгийн газрын мэдэлд төвлөрүүлж байгаа өөр нэг хувилбар уу?
60 их наяд гэдэг бол “бэлэн мөнгө” биш
Юуны өмнө нэг зүйлийг ялгаж салгаж ойлгоцгооё.
Сайд Б.Энхбаярын хэлсэн 60 их наяд төгрөгийн хөрөнгө гэдэг нь төрийн өмчит компаниудын дансанд бэлэн байгаа 60 их наяд төгрөг гэсэн үг биш.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нэгдсэн мэдээллээр 2024 оны байдлаар төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын нийт хөрөнгө 64.55 их наяд төгрөг байна.
Үүний 19.11 их наяд нь эргэлтийн хөрөнгө, 45.44 их наяд нь эргэлтийн бус хөрөнгө байна.
Өөрөөр хэлбэл энэ хөрөнгийн дотор үйлдвэр, уурхай, барилга байгууламж, тоног төхөөрөмж, дэд бүтэц зэрэг бодит хөрөнгө багтана.
Тиймээс “60 их наяд төгрөгийг төсөвт шууд авчирна” гэж ойлгох нь эдийн засгийн хувьд буруу болно.
Төсөвт шууд орж ирэх боломжтой зүйл нь голчлон ногдол ашиг, татвар, бусад төвлөрүүлэлт болон компанийн мөнгөн урсгалтай холбоотой орлого юм.
Эндээс л Засгийн газрын бодлогын хамгийн сонирхолтой хэсэг эхэлнэ.
2026 оны долдугаар сарын 2-нд батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Тус хуулиар арилжааны зорилго бүхий төрийн өмчит компанийн хуваарилах цэвэр ашгаас ногдол ашигт хуваарилах зорилтот хэмжээ нь 30 хувиас доошгүй байх зарчим тусгагдсан. Гэхдээ тухайн хэмжээг тогтоохдоо компанийн ангилал, салбарын онцлог, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, өр төлбөр, мөнгөн урсгал, өөрийн хөрөнгийн өгөөж, нөөц сангийн шаардлагыг харгалзана гэж хуульд заачихсан.
Энэ бол маш чухал ялгаа.
30 хувь гэдэг нь ТӨК-ийн нийт хөрөнгийн 30 хувь биш.
30 хувь гэдэг нь хуваарилж болох цэвэр ашгийн ногдол ашигт хуваарилах доод зарчим.
Тиймээс “60 их наядын 30 хувийг төсөвт авна” гэх ойлголт бодит байдалд нийцэхгүй.
Харин төрийн өмчит компаниудын ашигтай ажиллаж байгаа хэсгээс улсын төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хэмжээ нэмэгдэх эрх зүйн орчин бүрдэж байна.
Тэгвэл ТӨК-иудын 20 их наядын зарцуулалт яах вэ?
Б.Энхбаяр сайдын хамгийн анхаарал татсан тоо бол энэ.
Тэрбээр төрийн өмчит компаниудын жилийн төсөв буюу зарцуулалт 20 их наяд төгрөгт хүрдэг гэж хэлсэн. Энэ бол улсын төсвийн хэмжээтэй харьцуулахад асар том мөнгөн урсгал.
2027 оны төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд, зарлагыг 43.6 их наяд төгрөг, төсвийн алдагдлыг 2.306 их наяд төгрөг байхаар тооцсон.
Өөрөөр хэлбэл Б.Энхбаяр сайдын ярьж буй 20 их наядын ТӨК-ийн жилийн зарцуулалт нь ирэх оны улсын төсвийн зарлагын бараг талтай тэнцэх хэмжээний мөнгөн урсгал гэсэн үг.
Хэрэв үнэхээр ийм хэмжээний мөнгөн урсгал УИХ-ын төсвийн хяналтаас гадуур байсан бол энэ нь зөвхөн ТӨК-ийн засаглалын асуудал биш. Энэ бол төсвийн нэгдмэл байдал, парламентын хяналт, төрийн өмчийн засаглалын томоохон асуудал юм.
Төрийн өмчит компаниудын хөрөнгө, ашигт Засгийн газар дур мэдэн гар дүрж, тэнд байсан, байгаа хүмүүсийг “хулгайч” гэж цоллохын цаана 2027 онд 10 их наяд төгрөгийн нэмэлтиэх үүсвэр байгааг Засгийн газар харж, башир арга хэрэглэж буй нь энэ гээд хэлчихэд хэлсдэхгүй.
“30 их наяд байсан төсөв 40 их наяд болж харагдаж байна”
Б.Энхбаяр сайд үүнийг бүр тодорхой тайлбарласан.
Түүний хэлснээр төрийн өмчит компаниудын өмнө нь тусдаа явж байсан мөнгөн урсгалыг нэгдсэн төсвийн бодлогод оруулснаар 30 их наядын хэмжээтэй байсан улсын төсөв 40 их наяд болж харагдаж байгаа бөгөөд “Монгол Улс шинээр мөнгө хэвлэж байгаа юм биш” гэжээ.
Эдийн засгийн логик нь зөв харагдаж болох ч үүнд улс төрийн логик нь илүү жинтэй харагдаж байна.










