
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин энэ сарын 24-нд АНУ-д төрийн айлчлал хийх юм. Эх сурвалжуудын мэдээлснээр Ерөнхийлөгч Си Жиньпин Вашингтонд хийх айлчлалдаа Хятадын хувийн хэвшил, бизнесийн салбарын томчуудыг дагуулж явахаар төлөвлөжээ.
Үүгээрээ Бээжин хоёр орны хөрөнгө оруулалт, худалдааны салбарын харилцааг дэмжиж буйгаа харуулахыг зорьж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд Вашингтон Америкийн компаниудын Хятадын компаниудад хөрөнгө оруулах явдлыг хязгаарлаж, Хятадын цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэгслүүдэд 100 хувийн гаалийн импортын татвар ноогдуулж, гаднын дрон, интернэтийн төхөөрөмж, роботууд импортлохыг хориглож, TikTok платформын АНУ дахь үйл ажиллагааг Америкийн компаниудад шилжүүлж, Хятадын технологийн компаниудыг Пентагоны хар жагсаалтад оруулсан билээ.
2015 онд АНУ-д айлчлахдаа Си Жиньпин Alibaba компанийг үүсгэн байгуулагч Жак Ма, Tencent компанийг үүсгэн байгуулагч Пони Ма болон Хятадын банк санхүүгийн байгууллагууд, төрийн өмчид компаниудын удирдлагуудыг дагуулж явж байсан юм. Тухайн айлчлалын хүрээнд Бээжин Boeing компаниас 300 шинэ онгоц худалдан авах 38 тэрбум ам.долларын гэрээ байгуулж, Ерөнхийлөгч Си Жиньпин Apple, Meta, Amazon компаниудын захирлуудтай уулзаж байсан юм.
Нөгөө талаас АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн 5-р сард Хятадад хийсэн төрийн айлчлалдаа Nvidia компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуанг, дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск тэргүүтэй Америкийн томоохон компаниудын 18 удирдах албан тушаалтнуудыг дагуулж явсан билээ.
Эх сурвалж: Reuters










