
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр өчигдөрхөн “Бид хулгайчдын идэж уудаг байсан мөнгийг ард түмэндээ хүртээх бодлого барьж улсын төсвийг хийсэн. Энэ бол Ерөнхий сайдын Есөн шийдвэрийн нэг” гэж хэлсэн.
Тэгвэл Б.Энхбаяр сайдын хэлээд байгаа идэж уусан хулгайчид нь хэн бэ?
Тэрбээр нэмж, “Сүүлийн 10 жил ТӨК-иудын төсвөөс гадуурх мөнгийг хэдхэн захирал шийдэж, авлигыг цэцэглүүлсэн. Одоо хуулиар таслан зогсооно. Төрийн өмчит компаниуд 60 их наядын хөрөнгөтэй. Энэ их мөнгийг хэдхэн захирал мэддэг тогтолцоо авлигыг тэжээж ирсэн. Одоо мөнгийг төсөвт төвлөрүүлж, цалин, тэтгэвэрт зарцуулна. Үр дүнд нь ард түмэн хожно” гээд нэмж хэлсэн нь одоо Төрийн өмчит компаниудад дарга хийж байгаа хүмүүс бол бүгд МАН-ынхан. Б.Энхбаяр сайдын хэлснийг логикоор бодвол тэр хулгайч нар нь МАН-ынхан байж таарч байна.
Тэгэхээр МАН-ынхан дотроо хулгайч нартайгаа тэмцэж эхэлсэн үү?
Б.Энхбаяр сайдыг энэ мэдээллийг хийсний дараа МАН-ын “30-ын бүлэг” буюу Л.Оюун-Эрдэнэ + Д.Амарбаясгалангийн улс төрийн хүрээллийнхнийг хэлдэг. Тэд хөдөлж эхэлжээ.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньтын нэгэн тансаг амралтад “30-ын бүлэг”-ийн талынхан цугларч, “намрын улс төр”-ийн асуудлаа ярилцаж буй гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Гишүүдийг автобусаар зохион байгуулалттай хүргэсэн, Н.Номтойбаяр “шадар гурван цэрэг”-ээ ч дагуулжээ.
Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Уньтын амралтын уулзалт бол зүгээр нэг амралт, нөхөрсөг уулзалт биш. Харин намрын улс төрийн хүчний байрлалаа урьдчилан тооцож буй уулзалт бололтой.
30-ын бүлгийн тооцоолол
Намрын улс төрийн хамгийн том асуулт бол Засгийн газар тогтвортой үргэлжлэх үү, эсвэл эрх баригчдын доторх хүчний харьцаа дахин өөрчлөгдөх үү гэдэг.
УИХ дээр тодорхой тооны гишүүд нэг байр суурь дээр нэгдэж чадвал Засгийн газрын шийдвэр, томилгоо, хууль тогтоомжийн хувь заяанд шууд нөлөөлөх боломжтой.
Тиймээс “30” гэдэг тоо өөрөө улс төрийн хүч юм.
Уньтын уулзалттай холбоотой мэдээллийн дотор төрийн өндөр албан тушаалын тохироо яригдсан гэх мэдээлэл анхаарал татаж байна.
Тэр дундаа “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын суудал” улс төрийн тохиролцооны нэг хэсэг болсон байж болзошгүй гэх яриа бий. Хэрэв үнэхээр ийм тохироо яригдсан бол асуудлыг нэг хүний албан тушаал буюу эхэнд өгүүлсэн “Хулгайч нартайгаа тэмцэх” тухай ярьсан ЗГХЭГ-ын дарга, Сайд Б.Энхбаяр луу чиглэж байна.
Гэхдээ нэг сайдын томилгоо гэж харвал дутуудна. Харин ЗГХЭГ-ын дарга бол Засгийн газрын дотоод улс төр, төрийн захиргаа, сайд нарын уялдаа, Ерөнхий сайдын улс төрийн гол түшицүүдийн нэг.
Өөрөөр хэлбэл энэ суудалд хэн суух вэ гэдэг нь “Засгийн газрын дотор хэний нөлөө нэмэгдэх вэ” гэж шууд харж болно.
Тиймээс 30-ын бүлэг энэ асуудлыг ярьсан гэх мэдээлэл үнэн бол тэд намрын улс төрийн “үнэ”-ийг урьдчилан тогтоох гэж оролдож байгаа гэсэн таамаглал байна.
МАН-ын доторх фракц, бүлэглэлүүдийн харьцаа өөрчлөгдөх тусам Засгийн газрын шийдвэр гаргалт, томилгоо, дараагийн улс төрийн өрсөлдөөн эхэлдэг.
Энэ бүхний дунд Б.Энхбаярын намынхаа зарим гишүүдийг “хулгайч” хэмээн нэрлэсэн нь ч тусдаа нэг үйл явдал биш байж болох юм.
МАН доторх зөрчил зөвхөн бодлогын маргаан биш, “хэн нь хэний талд зогсох вэ гэсэн хүчний тэмцэл” болж хувирч байгаа бол намрын улс төр улам ширүүснэ.
Нэг тал нь “хулгайч”-аа нэрлэнэ.
Нөгөө тал нь бүлэг байгуулна.
Дараагийн тал нь албан тушаалын тохироо ярилцана.
Харин эцэст нь энэ бүхний нийлбэр нь Засгийн газрын хувь заяанд очно. Энэ бол өнөөдрийн улс төрийн хамгийн энгийн математик.










