
Өнгөрсөн лхагва гарагт Нидерландын Төв банк “ноцтой хямрал”-аас урьдчилан сэргийлэх үүднээс Нью Йорк болон Оттавад хадгалж буй алтны нөөцийнхөө тодорхой хувийг Лондон дахь Английн банк руу шилжүүлсэн болохоо мэдэгджээ.
2026 оны 3-р сараас 8-р сарын хооронд Нидерландын Төв банк АНУ, Канадаас 86 орчим тонн алтыг “алтны худалдааны төв” гэгддэг Лондон хот руу зөөвөрлөсөн байна. Алтыг эхлээд АНУ, Канадаас Нидерландын Зейст хот руу, Зейстээс Лондон руу зөөвөрлөжээ.
Нидерланд улсын хувьд нийт 72.2 тэрбум евротой тэнцэх 612 гаруй тонн алтны нөөцтэй бөгөөд түүнийхээ 313 орчим тонныг АНУ болон Канадад хадгалж байсан аж. Өнөөдөр тус улсын алтны нийт нөөцийн 32.1 хувь нь Лондонд, 18.5 хувь нь Нью Йоркт, 18.5 хувь нь Оттавад, үлдсэн нь Нидерландын Зейст хотод хадгалагдаж байна.
2014 оноос өмнө Нидерландын алтны бүх нөөцийн 11 хувь нь л Нидерландын газар нутагт, 50 гаруй хувь нь Нью Йорк дахь Холбооны нөөцийн банкинд хадгалагдаж байсан аж. Энэ нь Нью Йорк дахь Холбооны нөөцийн банкны сейф цөмийн дэлбэрэлтийг ч тэсвэрлэх чадвартай, хамгийн аюулгүйд тооцогдож байсантай холбоотой аж.
2025 онд Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш Нидерландын санхүү, эдийн засгийн мэргэжилтнүүд Д.Трампын урьдчилан тааварлах боломжгүй бодлого, шийдвэрүүдийн хохирогч болохгүйн тулд Нидерланд улс алтны нөөцөө АНУ-аас гаргах шаардлагатайг анхааруулах болсон аж.
Нидерландаас гадна Франц улс 2025 оны 7-р сараас 2026 оны 1-р сарын хооронд АНУ-аас алтны нөөцөө гаргаж, өнөөдрийн байдлаар алтныхаа бүх нөөцийг улсынхаа нутаг дэвсгэр дээр хадгалж байна.
ХБНГУ-ын эдийн засагчид ч мөн адил АНУ-д хадгалагдаж буй алтны нөөцөө өөр улс руу шилжүүлэхийг уриалж эхэлжээ.
Эх сурвалж: BBC










