
Дэлгүүрийн лангуун дээрх бараа бүтээгдэхүүний үнийн шошго өдөр ирэх тусам өөрчлөгдөж байна. Ингэснээр өрхийн төсөвт орлого, зарлагын зөрүү улам мэдрэгдэж, иргэд хэрэглээгээ танах, хямдыг нь сонгох, нэгийг нь хасаж нөгөөг нь нөхөх замаар амьдралынхаа өдөр тутмын тооцоог хийсээр байна. Өөрөөр хэлбэл, иргэд хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхсөн хэвээр.
Үнийн өөрчлөлтийг нэг удаагийн ажиглалтаар бус, ижил нэр төрлийн бүтээгдэхүүнээр харьцуулж үзвэл энэ дүр зураг илүү тодорно. МЭК ХХК-ийн өөрийн санхүүжилтээр хийсэн үнийн судалгаагаар өндөг, талх, наранцэцгийн тос, хиам, сонгино, төмс, жүүс, цагаан будаа, хонины мах, сүү, гурил, тор зэрэг 12 нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг 2025 оны есдүгээр сар, 2026 оны нэгдүгээр сар, наймдугаар сар болон есдүгээр сарын үетэй харьцуулжээ. Судалгаанд хамрагдсан бүтээгдэхүүнийг Номин супермаркетаас тухайн өдрийн үнээр худалдан авсан байна.
Энэхүү харьцуулалт нь ижил бүтээгдэхүүн, ижил хэмжээгээр бүрдүүлсэн хүнсний сагсны үнэ хугацааны явцад хэрхэн өөрчлөгдсөнийг харуулах зорилготой үнийн ажиглалт юм. Гэсэн ч айл өрхийн өдөр тутмын хэрэглээнд хамгийн ойр байдаг бүтээгдэхүүнүүдийн үнийн хөдөлгөөнийг нэг дор харьцуулсан нь анхаарал татахуйц дүр зураг бий болгож байна.

Эх сурвалж: MEC судалгааны байгууллага
2025 оны есдүгээр сарын 5-нд дээрх 12 нэр төрлийн бүтээгдэхүүнийг авахад нийт 66 мянга 151 төгрөг зарцуулж байжээ. Харин 2026 оны есдүгээр сарын 2-нд ижил хэмжээний бүтээгдэхүүний үнэ 75 мянга 437 төгрөгт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, нэг жилийн хугацаанд уг хүнсний сагсны үнэ 9286 төгрөгөөр буюу ойролцоогоор 14 хувиар өсжээ.
Тухайлбал, өнгөрсөн оны есдүгээр сарын 5-нд 0.954 килограмм хонины мах 15 мянга 722 төгрөг байсан бол энэ оны есдүгээр сарын 2-нд 22 мянга 400 төгрөг болжээ. Энэ нь 6678 төгрөгөөр буюу 42 гаруй хувиар өссөн үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, нэг жилийн өмнө тухайн хэмжээний мах авахад зарцуулдаг байсан мөнгөнөөс өнөөдөр бараг тал хувиар илүүг төлөх шаардлагатай болжээ.
Үүнийг 2026 оны эхэн үеийн үнийн харьцуулалт мөн харуулна. Нэгдүгээр сарын 2-нд дээрх хүнсний сагсны нийт үнэ 69 мянга 478 төгрөг байсан бол есдүгээр сарын 2-нд 75 мянга 437 төгрөг болжээ. Найман сарын хугацаанд нийт дүн 5959 төгрөгөөр буюу 8.6 орчим хувиар өссөн байна. Энэ хугацаанд хонины махны үнэ 16 мянга 962 төгрөгөөс 22 мянга 400 төгрөг болж, 32 хувиар нэмэгдсэн бол талх, хиам, жүүс зэрэг бүтээгдэхүүний үнэ мөн өсжээ.
Харин ердөө нэг сарын өмнөх нөхцөл байдлыг харвал эсрэг дүр зураг ажиглагдана. Наймдугаар сарын 1-нд ижил 12 нэр төрлийн бүтээгдэхүүний нийт үнэ 81 мянга 410 төгрөг байсан бол есдүгээр сарын 2-нд 75 мянга 437 төгрөг болж, 5973 төгрөгөөр буюу 7.3 орчим хувиар буурчээ. Үүнийг дангаар нь харвал хүнсний үнэ буурсан мэт. Гэвч оны эхэн болон өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт сагсны үнэ өндөр хэвээр байна.
Ялангуяа махны үнийн өсөлт өрхийн төсөвт хүчтэй мэдрэгдэнэ. Хүнсний сагсны бусад бүтээгдэхүүнээс ялгаатай нь махыг монгол өрхийн өдөр тутмын хоолны хэрэглээнээс бүрэн хасах боломж хязгаарлагдмал. Тиймээс махны үнэ огцом өсөхөд иргэд бусад хэрэглээнээсээ танах замаар төсвөө тэнцвэржүүлэхээс өөр сонголтгүйд хүрч байна.
Иргэд: Өдөр тутамдаа үнэхээр танах боломжгүй хэрэглээний зүйлсийн үнэ нэмэгдэх нь бидэнд хамгийн их хүндрэл учруулж байна. Мах, хүнсний ногоо бол айл өрхийн зайлшгүй авах бүтээгдэхүүн учраас үнэтэй болсон ч авч л таарна. Өмнө нь 50 мянган төгрөгтэй гараад хүнсээ цуглуулаад, тортой юмтай харьдаг байсан бол одоо 100 мянган төгрөг бариад дэлгүүр ороход ч хэрэгцээтэй бүх зүйлээ авч хүрэхгүй байна. Тэгээд мах, ногоо, сүү, талх гээд өдөр бүр хэрэглэдэг зүйлсээ авахын тулд өөр бусад хэрэгцээнээсээ хасахаас өөр аргагүй болдог.
Хувцас хэрэглэл, гэр ахуйн зүйл, амралт зугаалга зэрэгт зарцуулах мөнгөө танаж байж хүнсний зардлаа нөхөж байна. Үнийн өсөлт гэдэг зүгээр нэг барааны үнэ нэмэгдсэн асуудал биш, сарын цалин хүрэлцэх эсэх, гэр бүлийн бусад хэрэгцээгээ хэр хэмжээнд хангаж чадах вэ гэдэгтэй шууд холбоотой асуудал болоод байна.
Үнийн өсөлтийн дарамт зөвхөн худалдан авах үед мэдрэгддэггүй. Сарын төсвөө урьдчилан тооцож, тогтмол орлогоороо амьдралаа зохицуулдаг өрхийн хувьд хүнсний зардал нэмэгдэх тусам бусад хэрэгцээнд зориулах мөнгө хумигдана. Хүүхдийн хичээл, хувцас, ахуйн хэрэглээ, эрүүл мэнд, хуримтлал зэрэгт зарцуулах мөнгөө танах эсвэл өмнө нь авч байсан бүтээгдэхүүнээ хасах шаардлага үүснэ. Ингэснээр хүнсний үнийн өөрчлөлт нь зөвхөн дэлгүүрийн асуудал биш, өрхийн амьдралын чанарт шууд нөлөөлөх эдийн засгийн асуудал болж хувирдаг. Үнийн шошго өөрчлөгдөх бүрд иргэд хэрэглээгээ дагаж өөрчлөхөөс өөр аргагүй болж, өрхийн төсвөө улам нарийн тооцох шаардлагатай болж байна.
Өргөн хэрэглээний бараа, өдөр тутмын хүнсний үнэ сараас сард нэмэгдэж байгаа ч иргэдийн цалин, орлого нь түүнийг гүйцэхгүй хэвээр байвал эцэст нь зайлшгүй хэрэгцээгээ хүртэл танахад хүрнэ.
С.Бадамханд











