
Электрон спортын дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдийн нэг болох BLAST Premier Open Ulaanbaatar 2027 тэмцээн ирэх онд Монгол Улсад зохион байгуулагдана. Ингэснээр Counter-Strike 2 (CS2) тоглоомын дэлхийн шилдэг багууд Монголын үзэгчдийн өмнө өрсөлдөх боломж бүрдэх юм.
2027 оны тавдугаар сарын 10-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах “BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээний хүрээнд СЅ2-ын одоо идэвхтэй тоглож буй дэлхийн шилдэг багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлд цуглаж, аваргын цом болон 1’250’000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөх юм. Тэмцээнд оролцох 16 багийн 11-ийг дэлхийн VRS чансааны эрэмбээр урилгаар сонгох бол үлдсэн таван эрхийг бүс нутгийн урьдчилсан сонгон шалгаруулалтаар тодруулах юм. Үүнээс Азийн бүсээс хоёр, Европ, Хойд Америк, Өмнөд Америкийн бүс нутгаас тус бүр нэг баг шалгарч тэмцээнд оролцоно.
Электрон спортын төрөлд дэлхийн хэмжээнд олон арван тэмцээн тогтмол зохион байгуулагддагаас Counter-Strike 2 нь үзэгч, тоглогчдын тоо, олон улсын тэмцээний цар хүрээгээрээ тэргүүлэх тоглоомуудын нэг юм. Монголын хувьд ч тус тоглоомын нэр хүнд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, дэлхийн тавцанд амжилттай өрсөлдөж буй The MongolZ багийн түүхэн амжилтаар дамжин CS2-ыг сонирхох үзэгчдийн хүрээ улам тэлсэн. Гэвч CS2-ын тэмцээний ангилал, зохион байгуулалтын шинэ шаардлагын дагуу Монгол Улсад S-tier буюу дээд түвшний тэмцээн зохион байгуулагдаагүй тохиолдолд дэлхийн чансааны тэргүүлэгч багуудыг эх орондоо хүлээн авч тоглолтыг нь үзэх боломж хязгаарлагдмал байв. Монголд өмнө нь B-tier болон C-tier ангиллын тэмцээнүүд түлхүү зохион байгуулагдаж ирсэн юм.
BLAST-ийн Зах зээл, хот хариуцсан дэд ерөнхийлөгч Жеймс Вүүллард: Энэ том тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах, сонгох болсон шалтгаан нь урьд өмнө Улаанбаатар хотод олон улсын түвшний тэмцээн зохион байгуулж байсан туршлагатай. Мөн Улаанбаатар хотын гайхалтай харагдац, дэд бүтэц, тэмцээн зохион байгуулах байгууламж нь тохиромжтой санагдсан учир сонгосон. Мэдээж The MongolZ баг нөлөөлсөн.

Талууд өнгөрсөн долоодугаар сард хамтран ажиллахаар болсноо албан ёсоор зарлаж, Монгол Улсад анх удаа S-tier зэрэглэлийн BLAST Premier тэмцээнийг зохион байгуулахаар болсон юм. Тэмцээнийг Улаанбаатар хотод гурван жилийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөжээ. S-tier зэрэглэлийн тэмцээн нь оролцогч багуудын чансаа, тэмцээний өрсөлдөөний түвшин, шагналын сан болон зохион байгуулалтын цар хүрээгээрээ бусад ангиллын тэмцээнээс ялгардаг. Тиймээс дэлхийн дээд түвшний тэмцээнийг эх орондоо зохион байгуулах нь зөвхөн электрон спортын салбарт төдийгүй Монгол Улсын олон улсын нэр хүнд, аялал жуулчлал, үйлчилгээний салбар болон эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломжтойг Монголын электрон спортын холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхтүвшин хэлж байлаа.


Ийнхүү Монголын электрон спортын түүхэнд шинэ хуудас нээгдэж, дэлхийн шилдэг CS2 багууд Улаанбаатарын тайзнаа өрсөлдөх өдөр ойртож байна. Харин 2027 оны тавдугаар сард дэлхийн шилдгүүдийг хүлээн авах Улаанбаатар хот электрон спортын олон улсын тэмцээний шинэ төвүүдийн нэг болж чадах эсэх нь зохион байгуулалтын чанар, үзэгчдийн оролцоо болон цаашдын хамтын ажиллагаанаас шалтгаалах юм.










