
Венесуэл улс өмнө нь БНХАУ болон ОХУ-ын хяналтад байсан газрын тосны ордуудыг Америкийн North American Blue Energy Partners компанид шилжүүлэхээр болсон тухай эх сурвалжууд Reuters агентлагт мэдээлжээ.
Каракас North American Blue Energy Partners компанид нийт 65 тэрбум баррель газрын тосны нөөцтэй 17 орд газар дээр 100 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байгаа ба тус компанийн 35 хувийг эзэмшиж буй АНУ-ын засгийн газар NABEP компанийн олборлох газрын тосны 20 хувийг үйлдвэрлэлийн өртгөөр худалдан авах, үлдсэн 80 хувийг бусад худалдан авагчдаас түрүүлж худалдан авах эрхтэй болж байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн бямба гарагт АНУ, Венесуэл хоёр дэлхийн түүхэн дэх газрын тосны хамгийн том гэрээ байгууллаа хэмээн зарласан билээ. Тэрээр уг гэрээний дагуу Вашингтон Венесуэлийн 65 тэрбум баррельтэй тэнцэх газрын тосны нөөцийг захиран зарцуулах эрхтэй болсныг онцолсон бол Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Венесуэл улс уг гэрээний ачаар хувийн хөрөнгө оруулалт татаж, улсаа сэргээн босгох боломжтой болно гэсэн юм.
Венесуэл улс нь ойролцоогоор 303 тэрбум баррельтэй тэнцэх газрын тосны нөөцтэй бол АНУ-ын газрын тосны батлагдсан нөөц 46 тэрбум баррель юм.
Эх сурвалж: Reuters









