
Норвегийн хаан V Харальд насан эцэслэсэнтэй холбоотойгоор түүний хүү, угсаа залгамжлах хунтайж Хаакон Норвегийн хаан ширээг залгамжилжээ. 1973 онд мэндэлсэн Хаакон дээрээ нэг эгчтэй бөгөөд 1991 онд түүний өвөө, V Олаф хаан нас барсны дараа тэрээр угсаа залгамжлах хунтайж хэргэм зэрэгтэй болсон байна.
Тэрээр Английн хатан хаан Викториягийн 4 дэх үеийн ач юм. Хаан VIII Хаакон энгийн дунд сургуульд сурч төгссөн ба 1995 онд Норвегийн Тэнгисийн академийг дүүргэж, Калифорнийн Берклигийн их сургуульд улс төр судлалаар сурчээ.
Сургуулиа төгсөж, эх орондоо ирснийхээ дараа 1999 онд Хаакон Кристиансанд хотод болж байсан хөгжмийн наадмын үеэр гэргий Метте-Мариттай анх танилцаж байжээ. VIII Хаакон Норвег улс тусгаар тогтносноос хойш хаанаар өргөмжлөгдсөн 4 дэх хүн болж байгаа ба сүүлийн жилүүдэд тэрээр аавтайгаа ойр ажиллаж, албан ёсны арга хэмжээнүүдэд Норвегийн хааныг төлөөлөн оролцож ирсэн юм.
Хаан VIII Хаакон, хатан Метте-Марит нар дундаасаа 2 хүүхэдтэй ба 22 настай гүнж Ингрид Александра нь аавынхаа дараа Норвегийн хаан ширээг залгамжлах аж. Хаан VIII Хааконы засаглал маш ээдрээтэй цаг үед эхэлж байгаагаараа онцлогтой юм.
Энэ оны эхээр түүний гэргий, хатан Метте-Марит бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейнтэй 2011-14 онд цахим шуудангаар харилцдаг байсан нь ил болсон нь шуугиан тарьсан юм.
Түүнчлэн хатан Метте-Маритын өмнөх харилцаанаас төрсөн хүү Мариус Борг Хёйби нь бусдын биед халдаж, гэмтэл учруулсан, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг хэргээр өнгөрсөн 2-р сард баривчлагдаж, өнгөрсөн 6-р сард шүүх Мариус Борг Хёйбиг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хоёр удаагийн хэрэг, хуучин найз бүсгүй Нора Хаукландад гар хүрч, хэл амаар доромжилсон хэрэгт буруутай гэж үзэн 4 жилийн хорих ял оноосон юм.
Мөн 2018 онд уушгины фиброз өвчнөөр оношлогдсон хатан Метте-Марит энэ оны 6-р сард уушги шилжүүлэн суулгах мэс засалд орсон билээ.









