
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа К2 ангиллын автобензиний хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар Ерөнхий сайдад асуулга тавилаа.
Асуулгад,
Улаанбаатар хотын агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулсаар байгаа бөгөөд автотээврийн хэрэгслийн утааны ялгарал нь агаарын бохирдлын нэг эх үүсвэр болж байна. Ийм нөхцөлд автотээврийн хэрэгслийн хэрэглэхгүй түлшний чанар, экологийн ангилал нь агаарын бохирдол болон хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг бодитой нотлох шаардлагатай байна.
Монгол Улсад мөрдөж буй MNS 0217:2017 стандартаар К2 ангиллын автобензиний хүхрийн агууламжийг 500 мг/кг, бензолын агууламжийг 5 хувиас ихгүй байхаар зөвшөөрсөн. Харин ТР ТС 013/2011 техникийн зохицуулалтын 2 дугаар хавсралт болон ГОСТ 32513-2013 стандартын дагуу К5 ангиллын автобензиний хүхрийн агууламж 10 мг/кг, бензолын агууламж 1 хувиас ихгүй байна. Монгол Улсад К2 ангиллын АИ-92 автобензинийг өнөөдөр хүртэл импортлон хэрэглэж байна.
Нөгөө талаас Улаанбаатар хотын автопаркийн ихээхэн хэсгийг насжилт өндөртэй импортын автомашин эзэлдэг. Япон улс автомашины бензиний хүхрийн зөвшөөрөгдөх хэмжээг 2008 оноос 10 ppm хүртэл бууруулсан бөгөөд бага хүхэртэй түлшний нөхцөлд ашиглагддаг ирсэн автомашинд К2 ангиллын өндөр хүхэртэй түлш хэрэглэх нь катализатор болон ялгарлыг бууруулах системийн ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг Монгол Улсын нөхцөлд тогтоох шаардлагатай байна.
Түүнчлэн Агаарын тухай хуулийн 16.1.6-д агаарын чанарыг сайжруулах бүсэд Монгол Улсын стандартаар тогтоосон экологийн хамгийн өндөр ангиллаас доош ангиллын автобензин, дизель түлшийг жижиглэнгээр худалдахыг хориглосон.
Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг тус тус үндэслэн, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд дараах асуултыг Танд тавьж байна.
1. Монгол Улсад сүүлийн таван жилд импортолсон К2 болон К5 ангиллын АИ-92 автобензиний хэмжээ, нийт хэрэглээнд эзлэх хувь, нийлүүлэлтийн эх үүсвэрийн талаарх нэгдсэн мэдээлэл, тайлан;
2. MNS 0217:2017 стандартаар К5-ыг автобензиний экологийн хамгийн өндөр ангилалд тогтоож, Агаарын тухай хуулийн 16.1.6-д агаарын чанарыг сайжруулах бүсэд К5-аас доош ангиллын автобензиний жижиглэнгээр худалдаалахыг хориглосонтой холбогдуулан Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсийн хүчин төгөлдөр хил зааг, К2 ангиллын АИ-92 автобензин жижиглэнгээр худалдаж байгаа эсэх, худалдах тохиолдолд борлуулсан хэмжээ, мөн хуулийн дээрх заалтын хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчил, авсан арга хэмжээ, хариуцлага тооцсон талаарх тайлан, дүгнэлт;
3. Монгол Улсад импортлон борлуулж байгаа АИ-92 автобензиний хүхэр, бензол, хар тугалга, төмөр, марганец болон хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх бусад үндсэн үзүүлэлтийн лабораторийн шинжилгээний дүн, К2-К5 ангиллын харьцуулсан чанарын үнэлгээ, эдгээр үзүүлэлтийг бүрэн шинжлэх лабораторийн чадавх, чанарын хяналтын тогтолцооны талаарх тайлан, дүгнэлт;
4. Улаанбаатар хотын автопаркийн насжилт, катализатор болон ялгарлыг бууруулах системийн техникийн нөхцөлийг харгалзан К2 ангиллын өндөр хүхэртэй автобензин хэрэглэх нь автомашины ялгаруулалтад үзүүлж буй нөлөөллийн, ялангуяа бага хүхэртэй түлш хэрэгцээтэй зарим эсвэл импортолсон автомашины нөхцөлийг харгалзан судалгаа, туршилт, мэргэжлийн дүгнэлт;
5. Улаанбаатар хотын агаарын бохирдолд автотээврийн хэрэгслийн утааны ялгаралтын эзлэх хэмжээ, гол бохирдуулагч бодисын бүтэц, түүнд түлшний чанар, экологийн ангиллын үзүүлж буй нөлөөллийг тогтоосон эх үүсвэрийн судалгаа, мониторингийн тайлан, дүгнэлт;
6. Автотээврийн гаралттай агаарын бохирдлын Улаанбаатар хотын хүн амын өвчлөл, эрт нас баралт, хүүхэд болон бусад эмзэг бүлгийн эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөллийн судалгаа, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, дүгнэлт;
7. К2 ангиллын автобензиний хэрэглээ нь К5 ангиллын бензинтэй харьцуулахад хүн амын агаар бохирдуулагч бодисын өртөлт, өвчлөл, дутуу нас баралтын эрсдэлд үзүүлж буй нэмэлт нөлөөллийн харьцуулсан эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ, уг үнэлгээ хийгдээгүй бол түүнийг хийгээгүй үндэслэл болон цаашид хийх хугацаа, хариуцах байгууллагын талаарх мэдээлэл;
8. К2 ангиллын автобензиний хэрэглээг зогсоож, К5 болон түүнээс дээш экологийн ангиллын автобензинд шилжихэд түлшний үнэ, хангамж, агаарын бохирдол, хүн амын эрүүл мэндэд гарах өөрчлөлтийг хамруулсан нөлөөллийн тооцоо, бодлогын дүгнэлт, Засгийн газрын хэрэгжүүлэх арга хэмжээ, хугацаа.
Асуудлын хариуг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан хугацаанд ирүүлмэгц мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлж болно гэсэн байна.









