
АНУ-ын Төрийн департамент Сири улсыг терроризмыг санхүүжүүлэгч орнуудын жагсаалтаас хасаж, АНУ-ын Сангийн яам Сирийн “Хайят Тахрир аш Шам” зэвсэгт бүлэглэлийн эсрэг тогтоосон хоригоо цуцалжээ.
Сири улс терроризмыг санхүүжүүлэгч орнуудын жагсаалтад 1979 оноос хойш байсан ба 2025 оны зургаадугаар сарын сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын 2004 онд Сирийн эсрэг тогтоосон хориг арга хэмжээнүүдийг цуцлах тогтоолд гарын үсгээ зурж, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод Сирийн терроризмыг санхүүжүүлэгч орон гэсэн статусыг цуцлах асуудлыг авч хэлэлцэхийг үүрэг болгосон юм.
Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Д.Трамп Сирийн статусыг өөрчлөхөөр төлөвлөж буй талаараа Конгресст мэдэгдэж, Сирийн терроризмыг санхүүжүүлэгч орон статусыг өөрчилснөөр Сири улс олон улсад худалдаа эрхлэх, хөрөнгө оруулалт татаж, улс орноо сэргээн босгож, хөгжүүлэх боломжтой болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Сүүлийн 50 гаруй жил Сири улсын төрийг Асадын гэр бүл удирдаж ирсэн ба 2024 оны арванхоёрдугаар сард Хайят Тахрир аш Шам бүлэглэлийнхэн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг унагаж, Б.Асад ОХУ руу зугтсан юм. Төрийн эрх мэдлийг авсан Хайят Тахрир аш Шам бүлэглэл Сирийг ардчилсан улс болгоно гэсэн амлалт өгч, 2025 оны тавдугаар сард Европын холбоо Сирийн эсрэг тогтоосон эдийн засгийн бүх хоригуудаа цуцалж байсан юм.









