
Шинэ Зеланд улс 16-аас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох тухай хуулийн төсөл боловсруулжээ.
Өнгөрсөн даваа гарагт парламентад танилцуулсан Цахим аюулгүй байдлын тухай уг хуулийн төсөлд TikTok, Instagram, Snapchat, Facebook зэрэг нийгмийн сүлжээнүүд нь 16-аас доош насны хүүхдүүдийг платформдоо нэвтрүүлсэн бол нийт орлогынхоо 10 хүртэлх хувьтай тэнцэх торгууль төлөх тухай заажээ.
Шинэ Зеландын Ерөнхий сайд Кристофер Люксон уг хуулийн төслийг танилцуулахдаа хүүхдүүд нийгмийн сүлжээ хэрэглэснээр хортой контент, донтуулдаг технологи, дарамт шахалттай тулгардаг, энэ нь тухайн хүүхдүүдийн гэр бүлийн амьдрал, сэтгэцийн эрүүл мэнд, нойр, боловсрол зэрэгт сөргөөр нөлөөлдөг гэдгийг онцолжээ.
Цахим аюулгүй байдлын тухай хуульд нийгмийн сүлжээний платформууд хэрэглэгчдийн насыг тодорхойлох үр дүнтэй арга хэмжээнүүдийг авах ёстой тухай тусгаснаас гадна хүүхдүүдийн ашигладаг платформууд хүүхдүүдэд эрсдэл учруулж байгаа эсэхээ тогтмол шалгаж, тайлан тавьж байх ёстой тухай заажээ.
Түүнээс гадна уг хуулийн төсөлд 16 нас хүрээгүй хүүхэд нийгмийн сүлжээ хэрэглэсэн тохиолдолд тухайн хүүхдийг болон хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийг торгох, шийтгэх заалт байхгүй ч 16-аас доош насны хүүхдийг платформдоо нэвтрүүлсэн нийгмийн сүлжээнд асар өндөр торгууль ноогдуулах тухай тусгажээ.
Шинэ Зеландын сөрөг хүчнийхэн Австрали улсад 16-аас доош насныханд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох тухай хууль хэрэгжиж эхэлсэн ч хүүхдүүд нь нийгмийн сүлжээ хэрэглэсээр байгааг онцолж, дээрх хуулийн төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Түүнчлэн энэ сарын эхээр Францын Үндсэн хуулийн шүүх Францын засгийн газрын танилцуулсан 15-аас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох тухай хууль нь үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж байна гэж үзжээ.









