
Нью Йоркийн Холбооны шүүх АНУ-ын Төрийн департаментын 75 орны иргэдэд цагаачлалын виз олгохыг хориглох тухай шийдвэрийг хууль бус хэмээн шийдвэрлэж цуцалжээ.
АНУ-ын Төрийн департамент энэ оны нэгдүгээрр сард АНУ-д цагаачлахыг хүссэн 75 орны виз хүсэгчдийн визийн өргөдлийг боловсруулахаа тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа мэдэгдсэн юм. Уг шийдвэрийг хүний эрхийн төлөөх байгууллагууд, АНУ-ын виз хүсэгчид болон виз хүсэгчдийн АНУ дахь ар гэр, ойр дотнынхон эсэргүүцэж, шүүхэд хандсан юм.
Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны үед томилогдож байсан шүүгч Жаннетт Варгас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио 75 орны иргэдэд цагаачлалын виз олгохыг хориглох шийдвэрийг гаргахдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзсэн ба цагаачлалын визийг зөвхөн иргэншлээс хамаарч хориглох нь хуульд харшилна гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа үндэсний аюулгүй байдлыг сайжруулах, хууль бус цагаачдын тоог бууруулах зорилгоор цагаачлалын хатуу бодлого баримталж, үүнтэй холбоотойгоор олон тооны өөрчлөлт шинэчлэлтүүдийг нэвтрүүлээд байгаа билээ.









