
Хятадын ээж хүү хоёрын 5 жилийн турш зөвхөн нэг компьютер ашиглан, нийт 200 ам.доллароор бүтээсэн “Niu Lai” буюу “Үхэр ирж явна” нэртэй хүүхэлдэйн кино 4.3 сая ам.долларын орлого олж, рекорд тогтоогоод байна.
Нээлтээ хийсэн эхний 10 хоногтоо 7169 юань буюу 1000 гаруй ам.доллар олсон ээж, хүү хоёрын уран бүтээлийг үзсэн цөөн хэдэн хүн цахим орчинд тус уран бүтээл ямар муу болсныг шүүмжилж, зарим нь шоолж, уг хүүхэлдэйн киноны хэсгүүд олон тооны meme болж цахим орчинд тархсанаар “Niu Lai”-г өөрсдийн биеэр кинотеатрт очиж үзэх хүсэлтэй хүмүүсийн тоо огцом нэмэгджээ.
Ийнхүү өнөөдрийн байдлаар тус хүүхэлдэйн кино төсвөөсөө 15 мянга гаруй дахин давсан орлого олж, олон зуун саяын орлого олсон Холливудын кинонуудыг ардаа орхиод байна. “Niu Lai” хүүхэлдэйн киног Шинь Юүмэн, түүний ээж Сүн Лифань хоёр бүтээсэн аж.
Шинь Юүмэний гэр бүлийнхэн өмнө нь барилгын дотоод заслын ажил эрхэлдэг байсан ба телевиз, киноны салбарт ажиллаж байсан ямар ч туршлагагүй Шинь Юүмэн 2021 оноос анимэйшн, кино бүтээх сонирхолд автжээ.
Тэрээр хүүхэлдэйн киноныхоо загвар, анимэйшн, эвлүүлэг, продакшныг хариуцаж, зарим дүрд дуу оруулсан ба компьютер дээр нь ямар нэг алдаа гарахаар интернэтээс тухайн алдааг хэрхэн засах тухай бичлэгүүдийг үздэг байсан гэжээ. Түүний ээж Сүн Лифань хүүхэлдэйн зохиолыг бичиж мөн дуу оруулсан ба хүүдээ тус дэм болохын тулд кино бүтээх талаар уншиж судалжээ.












