
Лондон хот 2019 онд London’s Ultra Low Emission Zone буюу Хэт бага ялгаруулалтын бүсийг нэвтрүүлж, Лондон хотын авто замын хөдөлгөөнд оролцох хуучин оны, утаа ихээр ялгаруулдаг автомашинуудын тоог бууруулсны ачаар Лондон хотод амьдардаг хүүхдүүдийн уушгины хөгжил болон эрүүл мэнд илт сайжирсан нь эрдэмтдийн хийсэн судалгаагаар нотлогджээ.
Лондон дахь Хатан хаан Мэригийн их сургуулийн эрдэмтэд Лондон болон Лондон хотоос 48 км зайд орших Лутон хотын 84 сургуулийн 6-9 насны 3400 гаруй хүүхдийн уушгины хэмжээ болон эрүүл мэндийн байдлыг 2018-2022 оны хооронд 5 жилийн турш ажиглажээ. Судалгааны эхэн үед Лондон хотын хүүхдүүдийн уушгины багтаамж Лутон хотын хүүхдүүдийн уушгины багтаамжаас харьцангуй бага байсан бол Лондон хот Хэт бага ялгаруулалтын бүсийг нэвтрүүлснээр Лондон хотын хүүхдүүдийн уушгины хөгжил, эрүүл мэнд илт сайжирч, Лутон хотын хүүхдүүдийн уушгины багтаамжийн түвшинд очжээ.
Судалгаа явагдах хугацаанд Лондон хотод уушгины үйл ажиллагаа нь хэвийн бус хүүхдүүдийн тоо 14-өөс 9 хувь, Лутонд есөөс долоон хувь болон буурсан байна.

Лутон хотод хуучин автомашинуудыг хориогүй ч тус хотын удирдлагууд авто зам дээрээ хурдны хязгаар тогтоож, дугуйн болон явган хүний замын тоог нэмэгдүүлэх зэргээр агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг авчээ.
Хүүхдийн уушги өсвөр насанд бүрэн хөгжиж чадахгүй бол энэ нь насанд хүрсэн хойноо амьсгалын багтраа, уушгины архаг бөглөрөлтөт өвчин цаашлаад уушгины эмфизем, архаг бронхит, зүрх судасны өвчин, бодисын солилцооны өвчинтэй болох эрсэдлийг дагуулдаг байна.
Судалгааны үр дүнд эрдэмтэд уушгины эрүүл мэнд тэр дундаа хүүхдүүдийн уушгины хөгжлийг сайжруулах боломжууд байгааг, цэвэр агаарын бүс нэвтрүүлсэн хотууд хүүхдүүдийн хөгжилд асар их тус дэм болж байгааг тогтоожээ.
2019 оны дөрөвдүгээр сард Хэт бага ялгаруулалтын бүсийг анх нэвтрүүлж байхдаа их хэмжээний шүүмжлэлд өртөж байсан Лондон хотын дарга Садик Хан, “Бид хортой агаарын эсрэг тулаанд ялж байгаа нь өнөөдөр тодорхой боллоо. Энэхүү ялалтын ашиг тусыг Лондон хотын хүүхдүүд хүртэж байна.” хэмээн мэдэгджээ.









