
АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа.
Хуралдаанаар “Иргэдийн орлогыг хамгаалах, эрчим хүч, түлш шатахууны аюулгүй байдлыг хангах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн барьж байгаагаа танилцууллаа.
Мөн АН-аас өнгөрсөн долоо хоногт тавьсан шаардлагын дагуу Засгийн газар төсвийн тодотголоо өргөн барьсан тул УИХ-ын дарга С.Бямбацогт яаралтай ээлжит бус чуулган зарлах ёстой гэлээ.

АН-ын дарга О.Цогтгэрэл:
“10 жилийн өмнө нэг тн нүүрс 30 ам.доллар хүрэхгүй үнэтэй байсан бол сүүлийн хэдэн жилийн турш 100 ам.доллароос дээш үнэтэй байгаа. Өөрөөр хэлбэл, гадаад нөхцөл байдал түүхэнд байхгүй тайтай үед өнөөгийн эрх баригч нар ажиллаж байгаа. Ийм таатай нөхцөлд эдийн засгийн буруу бодлого барьсны улмаас ард иргэдийг доройтуулсан 10 жил, сар өдрүүд өнгөрч байна. Сүүлийн 2-3 сарын хугацаанд 6 гаруй хувь байсан инфляц 12 боллоо. Төсвийн орлого 2.1 их наядаар тасарч байна гэдэг бол бизнесүүддампуурч байна гэсэн үг. Төв банк бодлогын хүүг нэмчихлээ. Цаашид ээлж дараалан нэмбэл бизнесүүд зээл авч чадахгүй, дампуурах нөхцөлд орно гэсэн үг.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд муу засаг удвал нөхцөл байдал хэрхэн доройтдгийг харлаа. Өмнөх Засгийн газар руугаа буруугаа чихсэн хүмүүс гарч ирлээ. Н.Учрал Ерөнхий сайд болохынхоо өмнө УИХ-ын дарга, ЭЗХ-ийн сайд байсан. Тэр хүн нар, саран дээрээс ирээгүй. Өнгөрсөн 10 жил аль нам засаг барьсан юм. Энэ хүн хаана явсан юм.
АН -ын зүгээс ард иргэдийн орлогыг хамгаалах үүднээс УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан. Энэ хүрээнд шинээр өргөн барих төсөвт НӨАТ-ыг тав хүртэл бууруулах ёстой гэж үзэж байна”






“Сүүлийн жилүүдэд бий болсон амьжиргааны нөхцөл байдал, эдийн засаг хүндрэл бол гадаад нөхцөл байдал, ОХУ-ын дайн гэхээс илүүтэй эрх баригчдын 10 жилийн алдаатай бодлогын үр дүн гэдгийг давтаж хэлье. Нүүрс, зэс, алтны үнэ өсөлттэй байгаа энэ цаг хугацаанд ЗГ төсвөө хэт тэлсэн, эдийн засаг дахь төрийн оролцоог хэт нэмэгдүүлсний улмаас монголчууд өөрсдөө махаа худалдаж авч чадахгүй байна гэдэг тул гутамшиг.
Ээлжит бус хурлаар эдийн засгийн нөцхөл байдлыг сайжруулж, иргэдийн орлогыг хэрхэн хамгаалах талаар хэлэлцлээ. Иргэдийн орлогын хамгаалах, шатахуун эрчим хүчний аюулгүй байдлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үндсэн гурван агуулгатай.
Нэг. Макро эдийн засаг. Ерөнхий сайд Н.Учрал төсвийн зардал талыг 1.4 их наядаар бууруулна гэж хэллээ. Одоогийн байдлаар төсвийн алдагдал 2.4 их наяд хүрчихээд байгаа энэ үед 1.4 их наядын тодотгол хангалтгүй. Бидний зүгээс төсвийн алдагдлыг бүр мөсөн арилгаж орж ирэхийг шаардаж байна
2027 оны төсөв дээр эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор НӨАТ-ыг 10 хувиас 5 хувь болгож бууруулаан шинэ төсвийг оруулж ирэх ёстой.
Хоёр. Засгийн газар шатахууны нөөц, түгээлтийн менежмент дээр шуурхай төлөвлөгөө гаргаж, иргэддээ танилцуулах хэрэгтэй. Өвөл хаянд ирсэн үед эрчим хүчний доголдол эдийн засагт цохилт өгч болзошгүй. Нийлүүлэлтийн шокноос урьдчилан сэргийлэхийн тулд дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт дээр далайцтай ажиллах асуудлыг мөн хэлэлцсэн. Иргэд, ААН-ийн хүрээнд ойрын хугацаанд хэлэлцүүлэг явуулна.
Гурав. Засгийн газар нэгэнт төсвийн тодотголоо өргөн мэдүүлсэн тул УИХ-ын дарга яаралтай ээлжит бус чуулган зарлаж, хэлэлцэх ёстой гэдэг байр суурьтай байна” гэлээ.









