
Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн мэдээлснээр, орон даяар бүх цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль 2026 оны есдүгээр сарын 1-нд хичээл, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
Нийслэлийн хотын төвийн 70 сургууль, 60 цэцэрлэгийн бүртгэл болон бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулах юм. Мөн нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, бэлтгэл ажлыг хангах чиглэл хүргүүлжээ.
COP17-ийн арга хэмжээ зохион байгуулагдах бүсэд байрлах сургууль, цэцэрлэгүүд мөн адил есдүгээр сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байна.
Харин мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллеж, их сургууль, коллежийн танхимын хичээл есдүгээр сарын 14-нөөс эхэлнэ. Тиймээс орон нутгаас нийслэлд суралцахаар ирэх оюутан, залуусыг есдүгээр сарын 1-нээс хойш хотыг зорихыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан зөвлөжээ.
Ингэснээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн шинэ хичээлийн жилийн эхлэлд өөрчлөлт орохгүй бөгөөд есдүгээр сарын 1-ний өдрөөс хичээл, сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм.









