
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай нөхөрсөг харилцаатай тул цаашид АНУ-БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилтуудын тоог бууруулна гэжээ. Ерөнхийлөгч Д.Трампын хувьд долоон жилийн өмнө хоёр Солонгосын хил дээрх “зэвсэггүй бүс”-д айлчилж, уг айлчлалынхаа үеэр Хойд Солонгосын хилийн дээсийг алхаж, Хойд Солонгост хөл тавьсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байсан билээ.
Тэрбээр өөрийн нийгмийн сүлжээнд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай авхуулсан зургаа нийтэлснийхээ дараахан, “Цэргийн хамтарсан сургуулилтууд зохион байгуулах нь маш өндөр зардалтай, уг зардлын дийлэнх хувийг АНУ даасаар ирсэн, гэтэл тэдгээр сургуулилтууд нь маш зохимжгүй, дайсагнасан мессеж өгдөг.” хэмээн бичжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Д.Трамп БНСУ нь Япон, Франц, Их Британи зэрэг орнуудын адил АНУ-ын Ираны эсрэг цэргийн ажиллагаанд оролцохоос татгалзсан явдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Энэ сарын 17-27-ны хооронд БНСУ-д “Ulchi Freedom Shield” нэрийн дор Америк-Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт явагдах ба тус сургуулилтад БНСУ-ын талаас 18 мянга орчим цэргийн албан хаагч оролцох аж.
Өнгөрсөн баасан гарагт Пхеньян АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан уг сургуулилтыг “түрэмгий дайны бэлтгэл” хэмээн шүүмжилсэн юм.









