
Багшийн дээдийн нүхэн гарцыг засаж, шинэчлэх ажил энэ оны тавдугаар сарын 9-нд эхэлсэн бөгөөд сайн дурын ажилтнууд сар бүрийн 9-ний өдрийг тохиолдуулан тохижилтын ажлыг үргэлжлүүлж байна. Тус ажлын хүрээнд нүхэн гарцын хананд Монгол орны эрс тэс уур амьсгал, байгаль, ахуй соёлыг харуулсан уран зураг болон шүлэг, яруу найргийн бүтээлүүдийг дүрслэн үлдээж байгаа юм.

Энэхүү ажлыг “Volunteer Mongolia”-гийн сайн дурынхан болон бусад залуус хамтран зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 500 гаруй сайн дурын ажилтан оролцоод байна. Тэд төрөөс ямар нэгэн санхүүгийн дэмжлэг авалгүйгээр өөрсдийн санаачилга, хөдөлмөрөөр нүхэн гарцыг өнгө үзэмжтэй болгохыг зорьжээ.
Төслийн зохион байгуулагч О.Хулан “Нүхэн гарцаар зорчиход төрдөг харанхуй орчны айдсыг багасгаж, гэрэл гэгээтэй бүтээлээр хүмүүсийг угтахыг хүссэн” хэмээн ярьсан юм. Тэрбээр мөн уран зургийн олон улсын аварга бөгөөд нүхэн гарцын хананд дүрслэн зурж буй бүтээлүүдээ ихэртэйгээ хамтран зохиомжлон бүтээсэн байна.
Уг нүхэн гарцаар өдөр бүр олон мянган хүн зорчдог тул цаашид нийслэлийн соёлын өв, жуулчдын сонирхлыг татахуйц бүтээлч орчин болгохыг зорьж байгаа аж. Одоогоор олон мянган жуулчин болон иргэд тус газраар зорчихдоо бүтээлүүдийг сонирхож, зураг авахуулж байгаа нь сайхан байна хэмээн сайн дурын ажилчид онцлож байлаа.


Харин төслийг хэрэгжүүлэх явцад санхүүгийн хүндрэлээс илүүтэй хүмүүсийн хандлага заримдаа бэрхшээл болж байсныг зохион байгуулагчид онцоллоо. Сайн дурын ажилд оролцож буй залуус амралт, чөлөөт цагаа зориулан бүтээж байгаа учир хийсэн бүтээлийг хайрлан хамгаалахыг хүсэж байна.
Volunteer Mongolia-гийн үүсгэн байгуулагч А.Ням-Од “Амьдралдаа үзэх цөөхөн зуныхаа нэгийг сайн дурын ажилд зориулж буй залуусын хөдөлмөрийг үнэлж, бүтээлийг хайрлан хамгаалахыг хүсэж байна” гэсэн юм.
Багшийн дээдийн нүхэн гарцыг шинэчлэх энэхүү ажил нь тавдугаар сарын 9-нд эхэлж, зургадугаар сарын 9, наймдугаар сарын 9 зэрэг сар бүрийн 9-ний өдөр үргэлжилж байгаа бөгөөд цаашид ч сайн дурынхны оролцоотойгоор үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
Видео үзэх:









