
Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтнуудтай зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны Хангарди цогцолборт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, хорооны нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, түр хамгаалах байрны холбогдох албан хаагч 200 хүн оролцож, санал бодлоо илэрхийлэв.
Хорооны нийгмийн ажилтан иргэдтэй өдөр тутам харилцдаг, иргэдийн санал, хүсэлт, шүүмжлэлийг бодитоор мэддэг, тэдгээрийг шийдвэрлэхийн төлөө ажилладаг. Тиймээс санал бодлыг нь сонсож, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд тусгаж, нийгмийн салбарын байгууллагуудын уялдааг сайжруулах, ажлын үр дүнг дээшлүүлэх нь ихээхэн чухал болохыг нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан онцоллоо.
Хороодын нийгмийн ажилтнууд дараах саналуудыг хэллээ.
- Нийгмийн ажилтнууд иргэдтэй уулзах өрөөтэй болох,
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалах төвийг нэмэгдүүлэх,
- Нийгмийн ажилтныг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, илүү цагийн хөлс олгох,
- Нийгмийн ажилтны ажлын чиг үүрэг, ачаалалтай уялдуулан үндсэн болон нэмэлт чиг үүргийг тодорхой болгож, ажлын давхардлыг арилгах,
- Хүүхэд, гэр бүлийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг үр дүнтэй зохион байгуулах, хороонд сэтгэл зүйч ажиллуулах, сургууль, цэцэрлэггүй орон сууц бариулахгүй байх, гэр бүл салалт, хүүхдийн цахим тоглоомын хэрэглээ, архины хамаарлыг бууруулах, сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулахад бодлогын дэмжлэг үзүүлэх саналуудыг хэлэлцлээ,


Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан “Нийслэл, дүүрэг, хороо тус тусдаа биш нэг асуудалтай. Өнөөдрийн уулзалтаар нийгмийн салбарын асуудлыг бодитоор шийдэх гарцыг ярилцлаа. Бид сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг 2030 он гэхэд шийдвэрлэж дуусахаар ажиллаж байна. Хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих спортын ордон, хүүхэд хөгжлийн төвийг барьж байна. Барилгын тухай хуульд зааснаар орон сууцыг хотхон хэлбэрээр барих ёстой. Цаашид хотын нягтаршил ихтэй бүсэд барилгын зөвшөөрөл олгохгүй. Аливаа уулзалтыг зохион байгуулаад орхихгүйгээр гарсан санал, дүгнэлтийг бодлогод тусгах, асуудлыг шийдвэрлэх, иргэдтэй хамгийн ойр ажиллаж байгаа хүмүүсийн нэг хорооны нийгмийн ажилтны ажлын нөхцөлийг сайжруулахад анхаарч, уялдаатай ажиллана” гэв.











