
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг угтан зохион байгуулж буй “Торгоны замын жингийн цуваа” олон улсын аяллын баг Монгол дахь зургаан өдрийн аяллаа эхлүүллээ.
Аяллын эхний өдөр Дундговь аймагт зочилж, нүүдлийн мал аж ахуй, малчдын уламжлалт мэдлэг, ахуй соёл, бэлчээрт түшиглэсэн амьдралтай танилцав. Тус цуваа наймдугаар сарын 9-14-нд Дундговь, Төв, Өвөрхангай, Архангай, Булган аймгийн нутгаар 1,500 гаруй км зам туулна.


Олон улсын оролцогчид Эрдэнэдалай сумын малчин Д.Мөнхбаатарынд зочлон, мал маллагаа, уламжлалт хүнс үйлдвэрлэлтэй танилцаж, ингэ, гүү саах, айраг бүлэх зэрэг үйл явцад оролцжээ. Мөн ботгоо голсон ингийг ботгонд нь авахуулах уламжлалт “ингэ хөөслөх” зан үйлийг үзэж сонирхсон байна.
Угандагийн “Рэнжлэнд Комьюнити Инитиатив” байгууллагын төлөөлөгч Лоупа Пиус Монгол, Африкийн малчдад тулгардаг уур амьсгалын өөрчлөлт, ган гачиг, ус бэлчээрийн хомсдол зэрэг сорилт олон талаараа ижил байдгийг онцлов. Тэрбээр Монголын малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох уламжлалт арга туршлагаас суралцах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ.











