
Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт Оюутолгойн асуудалд ямар нөлөө үзүүлэх вэ? Рио Тинтод давуу нөхцөл бий болох эрсдэл байна уу?
Оюутолгойн тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэлэлцээр эхлэх гэж байгаа энэ үед Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь анхаарал татаж байна. Ялангуяа татварын нөхцөлийг сулруулах асуудал яригдаж байгаа нь Рио Тинтод тодорхой хэмжээнд таатай нөхцөл бүрдүүлэх эрсдэлтэй.
УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирсэн энэ хуулийн төслийг гишүүд хангалттай хугацаанд судалсан эсэхэд ч эргэлзэх зүйл байна. Намрын чуулганаар эцсийн хэлэлцүүлэгт орох учраас УИХ-ын гишүүд Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийг маш нухацтай авч үзэх хэрэгтэй.
Салбарын сайд Г.Дамдинням энэ өөрчлөлт Рио Тинтод давуу байдал өгөхгүй. Монгол Улсад үр өгөөжтэй гэж удаа дараа тайлбарлаж байгаа. Гэхдээ бодит үр дүн нь ямар байхыг тооцож байж шийдвэр гаргах ёстой.
Рио Тинто Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын талаар хөрөнгө оруулагчдадаа үнэн зөв мэдээлэл өгөөгүй гэх асуудлаар гадаадын жижиг хувьцаа эзэмшигчдэд нөхөн төлбөр олгохоор болсон. Монгол Улс ч мөн адил нөхөн төлбөр шаардах үндэслэлтэй гэж үзэж байна уу?
Рио Тинто Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар АНУ болон Канад дахь жижиг хувьцаа эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох болсон. Тухайлбал Канадын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу 22 сая канад долларын нөхөн төлбөр төлөхөөр болсон мэдээлэл бий. Мөн АНУ-ын Нью-Йорк мужийн шүүх 2025 оны арваннэгдүгээр сард Петвотер тэргүүтэй жижиг хувьцаа эзэмшигчдэд 138.9 сая ам.долларын нөхөн төлбөр олгох тохиролцоог баталгаажуулсан.
Энд анхаарах гол зүйл нь эдгээр маргаан Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой байгаа явдал. Өөрөөр хэлбэл Рио Тинто төслийн зардал болон хугацаатай холбоотой мэдээллийг хөрөнгө оруулагчдадаа цаг тухайд нь үнэн зөв хүргээгүй гэх асуудал яригдаж байгаа.
Рио Тинто өөрөө жижиг хувьцаа эзэмшигчидтэйгээ нөхөн төлбөрийн тохиролцоо хийж байгаа нь асуудал байсныг харуулж байна. Хэрэв бүх мэдээлэл үнэн зөв байсан бол ийм хэмжээний нөхөн төлбөр төлөх шаардлага үүсэхгүй.
Тиймээс Монгол Улс ч нөхөн төлбөр нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна. Засгийн газрын Ажлын хэсэг энэ асуудлыг нарийвчлан судлах ёстой. Рио Тинтогоос тайлбар авч хэлэлцээний явцад энэ асуудлыг хөшүүрэг болгон ашиглах хэрэгтэй. Оюутолгойн нөхцөл байдлын талаар Рио Тинто Монголын талд ямар мэдээлэл өгч байгаа нь чухал. Үнэн зөв мэдээлэл өгч байгаа эсэхийг нягтлах шаардлагатай. Хэрэв энэ ажлыг хийхгүй бол Монгол Улсын эрх ашгийг хамгаалах боломжоо өөрсдөө сулруулж байна гэсэн үг.
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг өмнө нь ч Рио Тинто болон Туркойс Хилл Ресурсийн жижиг хувьцаа эзэмшигчид хөндөж байсан. Тухайн үед Засгийн газрын Ажлын хэсэг тэдэнтэй хамтарч ажилласан. Тэдний мэдээлэл хэр үндэслэлтэй байсан бэ?
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой эргэлзээтэй мэдээллүүд 2020 оноос идэвхтэй гарч эхэлсэн. Рио Тинто 2019 оны долоодугаар сард гүний уурхайн капитал зардал 1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэж ашиглалтад орох хугацаа хоёр жилээр хойшилж байгааг мэдээлсэн.
Тэд үүнийг геотехникийн нөхцөлтэй холбон тайлбарласан. Харин Рио Тинтод ажиллаж байсан зарим зөвлөх олон улсын хэвлэлээр дамжуулан компанийн мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй байгаа талаар анхааруулсан.
Тухайн үед Засгийн газрын Ажлын хэсэг шүгэл үлээгчидтэй холбогдож мэдээлэл авч байсан. Их Британийн иргэд Ричард Боули болон Маурис Даффи нар 2021 оны наймдугаар сард Монголд ирж Ажлын хэсэг болон төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзсан. Тэдний өгсөн мэдээлэлд үндэслэн гүний уурхайн зардал яагаад нэмэгдсэн болон ашиглалтад орох хугацаа яагаад хойшилсныг судлуулсан. Мөн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулсан.
Шинжээчдийн дүгнэлтээр зардал нэмэгдэж хугацаа хойшилсон нь зөвхөн геологийн нөхцөлөөс шалтгаалаагүй. Менежментийн алдаа болон худалдан авалттай холбоотой буруу шийдвэрүүд нөлөөлсөн гэж дүгнэсэн. Үүний дараа зардлын аудит хийх шаардлага ч тавьсан.
Гэвч Рио Тинто хөндлөнгийн аудит оруулах асуудалд хангалттай анхаарал хандуулаагүй. Ингээд энэ ажил өнөөдрийг хүртэл бодит үр дүнд хүрээгүй.
Тухайн үед Туркойс Хилл Ресурсийн жижиг хувьцаа эзэмшигчид ч мөн гомдол гаргаж байсан гэсэн үг үү?
Тухайн үед Монголын Засгийн газар ч энэ асуудлыг анхаарч Рио Тинтогоос тайлбар болон мэдээлэл шаардаж байсан. Зарим тохиолдолд Рио Тинтогийн бидэнд өгөөгүй мэдээллийг шүгэл үлээгчдээс авч байсан. Энэ бол маш ноцтой асуудал.
Оюутолгой компанийн менежментийг Рио Тинто хэрэгжүүлдэг. Компанийн гүйцэтгэх удирдлагын шийдвэрүүдэд голлон оролцдогийнхоо төлөө менежментийн төлбөр авдаг. Тиймээс менежментийн хувьд өндөр хариуцлага хүлээх ёстой. 2018-2020 оны үед Оюутолгойн нөхцөл байдлын талаар Рио Тинто үнэн зөв мэдээлэл өгөөгүй асуудлыг бид тухайн үед ч хөндөж байсан. Энэ нь 2021-2022 оны хэлэлцээрт Монголын талд тодорхой хэмжээнд хөшүүрэг болсон.
Үүний үр дүнд Оюутолгой дахь Монголын төрийн эзэмшлийн 34 хувьд ногдож байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглүүлсэн. Харамсалтай нь сүүлийн үед шүгэл үлээгчидтэй хамтран ажилласан асуудлыг өөрөөр тайлбарлаж мөнгө угаасан гэх мэт худал мэдээлэл тараах болсон. Тухайн үеийн хамтын ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд явагдсан. Рио Тинто биднийг шүгэл үлээгчидтэй хамтарч ажиллаж байгаад маш их дургүйцэж байсан. Үүний дараа хамтын ажиллагааг үргэлжлүүлэх боломж ч хязгаарлагдсан гэж үзэж байна.
Оюутолгойн хэлэлцээрийн ажлын хэсэгт олон жил ажилласан хүний хувьд Засгийн газар энэ удаагийн хэлэлцээрээр ямар үр дүнд хүрсэн гэж та харж байна вэ?
Наадмын өмнө Засгийн газрын Ажлын хэсгээс хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 2.5 хувиар бууруулсан гэж мэдээлсэн. Үүний үр дүнд Оюутолгой компани өдөрт 15 тэрбум төгрөгийн хүү төлдөг байсан бол энэ хэмжээ 10 тэрбум төгрөг болж буурсан гэж мэдээлсэн.
Хүүг бууруулсан нь мэдээж эерэг. Гэхдээ энэ өөрчлөлт Монгол Улсад ирэх өгөөжийг үндсээр нь нэмэгдүүлэх шийдэл биш.
Ногдол ашиг авах хугацаа урагшлах эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Оюутолгой компанийн санхүүгийн бүтцийг харахад нийт өр нь 20 орчим тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь Монгол Улсын нийт гадаад өрийн тал орчим хувьтай тэнцэх хэмжээ.
Өр ийм хэмжээнд хүрсэн гол шалтгаан нь гүний уурхайн бүтээн байгуулалт хугацаандаа дуусаагүй болон зардал 2 тэрбум ам.доллароор хэтэрсэнтэй холбоотой.
Гүний уурхай хугацаандаа ашиглалтад ороогүй учраас мөнгөн урсгал хойшилсон. Үүний улмаас зээлийн эргэн төлөлтийг сунгах шаардлагатай болсон. Нэмэлт 2 тэрбум ам.долларын зардлыг санхүүжүүлэхийн тулд дахин зээл авсан. Ингээд Рио Тинтод төлөх хувь нийлүүлэгчдийн зээлийн хуримтлагдсан хүү өнөөдөр 7 тэрбум ам.долларт хүрээд байна.
Тэгвэл энэ их хуримтлагдсан хүүгийн асуудлыг хэрхэн шийдэх ёстой вэ?
Рио Тинто Оюутолгойн менежментийг хэрэгжүүлдэг учраас ажлаа хугацаанд нь дуусгаагүй болон зардлыг хэтрүүлсэн асуудалд хариуцлага хүлээх ёстой. Хуримтлагдсан хүүгийн тодорхой хэсгийг хүчингүй болгох шаардлагатай. Мөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү тооцох аргачлалыг өөрчлөх хэрэгтэй.
Одоогийн байдлаар улирал бүр хүүгээс хүү тооцож нийлмэл хүүгийн зарчим хэрэглэж байгаа. Энэ нь Оюутолгой компанийн өрийг улам нэмэгдүүлж байна. Хэрэв Оюутолгойн олсон орлогоороо хуримтлагдсан хүүгээ төлсөөр байвал Монгол Улсад энэ төсөл бодит өгөөж өгөхгүй. Бид баялгаа ашиглуулаад зээл болон зээлийн хүү төлдөг бүтэцтэй үлдэнэ. Тиймээс Рио Тинтотой хариуцлагын асуудлыг зайлшгүй ярилцах хэрэгтэй. Наадмын өмнө зээлийн хүүг бууруулсан нь эерэг боловч суурь асуудлыг шийдсэн гэж хэлэхэд эрт. Өөрөөр хэлбэл энэ нь асуудлын үндсэн шалтгааныг шийдсэнээс илүүтэй өнгөн талын өөрчлөлт болсон.
Менежментийн төлбөрийг бууруулсан тухайд ямар байр суурьтай байна вэ?
Менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулсан гэх мэдээлэл гарсан. Гэхдээ энэ нь мөн л суурь асуудлыг шийдээгүй.
Учир нь төлбөрийн хэмжээг бууруулсан ч зардал дээр үндэслэн менежментийн төлбөр тооцдог зарчим хэвээр байна.
Уг нь Оюутолгой компанийг үр ашигтай ажиллуулж чадсан эсэхээр Рио Тинтогийн ажлыг үнэлдэг тогтолцоонд шилжих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл компанийн ашиг нэмэгдэж ногдол ашиг хуваарилсан эсэх нь менежментийн ажлын гол шалгуур болох ёстой.
Одоогийн гэрээнүүдэд Рио Тинтогийн хариуцлагын асуудлыг хангалттай тусгаагүй. Менежмент сайн ажилласан эсэхийг бодитоор үнэлэх механизм ч сул.
Ийм нөхцөлд зардал хэтэрсэн нь тогтоогдсон ч Монголын талд хариуцлага тооцох боломж хязгаарлагдмал хэвээр байна. Гэтэл гадаадын жижиг хөрөнгө оруулагчид Рио Тинтог шүүхэд өгч нөхөн төлбөр авч чаддаг. Монгол Улс харин өөрийн эрх ашгийг хамгаалах тал дээр хангалттай хатуу байр суурь гаргаж чадахгүй байгаа нь харамсалтай.
Засгийн газар 2026 онд Оюутолгойгоос ногдол ашиг авах боломжтой гэж мэдэгдсэн. Үнэхээр энэ онд ногдол ашиг авах боломж байгаа юу?
2026 онд Оюутолгойгоос ногдол ашиг авах боломжтой гэж үзэж байна.
Зэсийн үнэ түүхэн өндөр түвшинд хүрсэн. Мөн гүний уурхай ашиглалтад орж олборлолтын хэмжээ нэмэгдсэнээр компанийн орлого болон ашиг өссөн.
Оюутолгой 2025 оноос ашигтай ажиллаж эхэлсэн. Олон улсын шинжээчдийн тооцооллоор 2026 онд Оюутолгой 8 тэрбум гаруй ам.долларын орлого олох боломжтой. Ногдол ашиг хуваарилах боломжтой чөлөөт мөнгөн урсгал нь 5.2 тэрбум ам.доллар байх тооцоо гарсан.
Монгол Улс Оюутолгой компанийн 34 хувийг эзэмшдэг. Хэрэв нийт 5 тэрбум ам.долларын ногдол ашиг хуваарилбал Монголын 34 хувьд ойролцоогоор 1.5 тэрбум ам.доллар ногдоно. Энэ нь 6 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээ.
Тиймээс Засгийн газар ногдол ашиг авах асуудалд анхаарч байгаа нь зөв. Энэ онд ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларын ногдол ашиг авах боломжийг бүрэн ашиглах хэрэгтэй.
Цаашид Оюутолгойн өгөөж улам нэмэгдэх төлөвтэй байна. Энэ үед Монголын тал юуг хамгийн түрүүнд шаардах ёстой вэ?
Оюутолгойн хамгийн өндөр агуулгатай, олборлоход харьцангуй бага зардалтай хэсгийг одоо ашиглаж эхэлж байна. Тиймээс энэ үед Монголын тал ногдол ашиг болон бусад өгөөжөө авах асуудлыг хойшлуулах ёсгүй.
Хэрэв ашиг нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улс 34 хувьд ногдох өгөөжөө авч чадахгүй бол Рио Тинто хамгийн өндөр ашигтай хэсгийг олборлож дууссаны дараа Монголын талд бага өгөөж үлдэх эрсдэл бий.
Тиймээс Рио Тинтод тодорхой шаардлага тавьж Монголын талд ногдох ашгийг бүрэн авах нь хамгийн чухал.
Тэгвэл энэ удаагийн хэлэлцээнээс Монголын талын авах ёстой хамгийн гол үр дүн юу байх ёстой вэ?
2009 онд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед монголчуудын хүлээлт маш өндөр байсан. Тэр үед төслийг Монголын эдийн засгийн томоохон боломж гэж танилцуулж байсан.
Гэвч 17 жилийн дараах бодит байдлыг анхны хүлээлттэй харьцуулахад үр дүн хангалтгүй байна.
Рио Тинто Оюутолгойн төслийг хэр үр ашигтай удирдаж байгаа вэ гэдгийг одоо бодитоор дүгнэх цаг болсон. Өнгөрсөн хугацаанд Оюутолгой компаниас Рио Тинтод нийт 1.5 тэрбум ам.долларын менежментийн төлбөр олгосон.
Гэтэл Оюутолгойн ил уурхайн зардал 2 тэрбум ам.доллароор хэтэрсэн. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал мөн 2 тэрбум ам.доллароор нэмэгдсэн.
Үүнээс гадна Монголын Засгийн газар болон ард иргэдэд төслийн нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдээлэл өгч байсан эсэх асуудал одоо ч байна.
Тиймээс менежментийн төлбөр болон зээлийн хүүг бага зэрэг бууруулснаар асуудал шийдэгдлээ гэж үзэж болохгүй. Харин Рио Тинтогийн хариуцлагыг нэмэгдүүлэх тогтолцоог бий болгож хяналтыг сайжруулах хэрэгтэй.
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна уу?
2025 оны арванхоёрдугаар сард УИХ-ын түр хорооноос зохион байгуулсан нээлттэй сонсголын үеэр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ бодит байдал дээр хөрөнгө оруулалтын гэхээсээ илүү зээлийн болон санхүүгийн бүтэц давамгайлсан гэрээ болсон талаар олон асуудал яригдсан.
Хөрөнгө оруулалтын гэрээгээр татварын хувь хэмжээг тогтворжуулсан. Гэтэл татвартай холбоотой заалтуудаас үүдсэн маргаан өнөөдөр ч үргэлжилж байна. Тиймээс гэрээг өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэх шаардлага бий. Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг бүхэлд нь дүгнэж үзэх хэрэгтэй.
Оюутолгой бол Монголын хамгийн том гадаадын хөрөнгө оруулалттай төсөл. Ийм том төсөл дээр байнгын маргаантай байх нь хөрөнгө оруулалтын орчинд ч сөрөг. Гэхдээ зөвхөн өнгөц өөрчлөлт хийх нь хангалтгүй. Суурь гэрээнүүдийн асуудлыг шийдэхгүй бол маргаан дахин дахин үргэлжилнэ.
Нөгөө талаас Оюутолгойн хамгийн өндөр өгөөжтэй хэсгийг олборлож эхэлсэн энэ үед Монголын тал үр өгөөжийн асуудлаа заавал хөндөх ёстой. Бид 34 хувиа эзэмшдэгийн хувьд ногдол ашиг болон ашгаа бодитоор авах ёстой. Хэрэв энэ боломжийг одоо ашиглаж чадахгүй бол Бороогийн алтны ордын түүх Оюутолгой дээр давтагдах эрсдэл бий.







