
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн цахим бүртгэл маргааш буюу наймдугаар сарын 10-нд эхэлнэ.
Цэцэрлэгт хамруулах хүсэлтийг хоёр үе шаттайгаар хүлээн авах бөгөөд эхний шатны бүртгэлийг наймдугаар сарын 10-23-ны өдрүүдэд E-Mongolia платформоор дамжуулан зохион байгуулах юм.
Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр, ирэх хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах хэрэгцээтэй байгаа бөгөөд үүний 126,827 нь нийслэлийн хүүхдүүд байна.
Нийслэлд цэцэрлэгт хамрагдах насны хүүхдүүдийг насаар нь ангилбал:
2 настай – 27,832
3 настай – 31,303
4 настай – 32,002
5 настай – 35,690 хүүхэд байна.
Цахим бүртгэлд хамрагдахдаа дараах зүйлсийг анхаарна
Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн өмнө өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх шаардлагатай.
Мөн өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн хувьд тухайн цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцах эсэх сонголтыг хийх юм.
Харин шилжилт хөдөлгөөн хийхээр төлөвлөж байгаа бол хаягийн мэдээллээ 2026 оны наймдугаар сарын 7-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байхыг анхаарууллаа.







