
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг, Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Мессигийн аав Хорхе Месси 68 насандаа өвчний улмаас таалал төгсчээ.
Тэрээр төрөлх Розарио хотынхоо эмнэлэгт өнгөрсөн бямба гарагт гэр бүл, ойр дотнынхныхоо хүрээлэлд амьсгал хураасан байна.
Л.Мессиг дэлхийн шилдэг тамирчдын нэг болоход Хорхе Месси хамгийн их үүрэг гүйцэтгэж, онцгой хувь нэмэр оруулсан юм.

Гангийн үйлдвэрт ажилладаг байсан Хорхе хүүгийнхээ спортын карьерыг Newell’s Old Boys клубт 7 настайдаа тоглож эхэлснээс нь хойш тууштай дэмжиж ирсэн бөгөөд хүүгээ Испанийн Барселона клубийн академид 2001 онд элссэний дараа Испани руу нүүж, хүүгийнхээ гол түшиг тулгуур болжээ.
2021 хүртэл Барселона клубийн бүрэлдэхүүнд тоглох хугацаандаа Л.Месси дэлхийн шилдэг хөлбөмбөгчид гардуулдаг “Алтан бөмбөг”-ийн эзнээр 8 удаа тодорч, Аваргуудын лигт 4 удаа, Ла Лигт 10 удаа аваргалж, Испанийн Супер цомын тэмцээнд 8 удаа, Испанийн цомын тэмцээнд 7 удаа, UEFA Супер цомын тэмцээнд 3 удаа түрүүлжээ.
2021-2023 онд Францын PSG клубийн бүрэлдэхүүнд тоглох хугацаандаа Месси мөн л чамгүй амжилтуудыг үзүүлж, 2023 оноос Америкийн Inter Miami клубт тоглож байгаа билээ.
Түүнчлэн Л.Месси 2022 онд Катарт болсон хөлбөмбөгийн ДАШТ-д Аргентины шигшээ баг түрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.







