
Киев ОХУ-ын Свердловск мужийн Екатеринбург хотод байрлах Wildberries цахим дэлгүүрийн агуулахад дроны цохилт үзүүлжээ.
ОХУ-Украины хилээс 2000 гаруй км зайд байрлах тус агуулахад дроны цохилтын улмаас гал гарчээ. Wildberries компанийн зүгээс агуулахын ажилчдыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлж, тус агуулахад ирэх байсан бараа бүтээгдэхүүнүүдийг өөр бусад агуулахууд руу тараан байршуулахаар болсныг мэдэгджээ.
Энэ оны зургаадугаар сарын дундаас эхлэн Украины зэвсэгт хүчин Оросын цахим худалдааны хамгийн том платформ болох Wildberries компанийн багадаа 21 объектод дроны цохилт үзүүлээд байна. Дроны цохилтод өртсөн объектуудын дийлэнх нь хэсэгчлэн болон бүхлээрээ шатаж, багадаа 9 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархаджээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Киев Wildberries-н объектуудад цохилт үзүүлж буйгаа Оросын зэвсэгт хүчин зэр зэвсэг үйлдвэрлэхдээ ашигладаг сэлбэг, эд ангиудаа Wildberries-н агуулахуудад хадгалдагтай холбон тайлбарлаад байгаа билээ.
Wildberries платформ дээр бараа бүтээгдэхүүнүүдээ борлуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүд Украины дроны халдлагаас болж ойролцоогоор 2.3-3 тэрбум еврогийн алдагдал хүлээгээд байгаа талаар Data Insight агентлагийн шинжээч Сергей Семко Forbes сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний тооцоолсноор наймдугаар сарын 2-ны байдлаар Украины цохилтод Wildberries-н агуулахуудын 1.21-1.47 сая м² талбай өртөөд байгаа ба энэ нь тус цахим платформын логистикийн дэд бүтцийн 17.2-22.2 хувийг эзэлж байгаа аж.
Украины цохилтуудаас болж Wildberries дээр бараа бүтээгдэхүүнүүдээ зардаг иргэд, аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнүүдээ Wildberries-н агуулахаас өрсөлдөгч цахим дэлгүүрүүдийн агуулахууд рүү нүүлгэж эхэлжээ.
Украины Wildberries-н объектуудад үзүүлсэн цохилтуудын улмаас хохирсон иргэд, аж ахуйн нэгжүүдийн тоо тодорхойгүй байгаа ч шинжээчид уг тоо хэдэн зуун мянгаар тоологдоно гэж таамаглаж байгаа аж.







