
Энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.1 тэрбум ам.доллар буюу 36.1 хувиар өссөн байна.
Тайлант хугацаанд экспорт импортын дүнгээс 5 тэрбум ам.доллароор давсан бөгөөд гадаад худалдааны тэнцэл эерэг үзүүлэлттэй гарчээ.
Энэ оны долоодугаар сарын байдлаар Монгол Улс нийт 12.2 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Харин алт болон махны экспорт буурсан байна. Тодруулбал, 3.1 тонн алт экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 34 хувиар, 10.9 мянган тонн малын мах, дайвар бүтээгдэхүүний экспорт 17.9 хувиар тус тус багасжээ.
Экспортын нийт орлогын 82.7 хувийг зэсийн хүдэр, баяжмал болон чулуун нүүрсний экспорт бүрдүүлж байна. Үүнээс чулуун нүүрсний экспорт энэ оны эхний долоон сард 65.6 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 58.6 хувиар өссөн бол зэсийн баяжмалын экспорт 1.53 сая тонн болж, жилийн өмнөхөөс 23 хувиар нэмэгдсэн байна.
Эх сурвалж: ГЕГ







