
Аялал жуулчлалын Мэргэжлийн Холбоо (АЖМХ) болон тус салбарын бизнес эрхлэгчид шатахууны хомсдолын улмаас аялал жуулчлалын үйл ажиллагаа доголдож, зарим компаниуд “0 зогсолт”-д хүрч болзошгүй талаар мэдээллээ.
АЖМХ-ны Дэд ерөнхийлөгч Б.Дуламсүрэн “Шатахууны хомсдол үргэлжилбэл аялал жуулчлалын салбар 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээх эрсдэлтэй байна” Түүний хэлснээр, одоогийн нөхцөлд шатахуунд дугаарлаж буй 10 автомашины нэг нь жуулчин тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл байна.
“Шатахууны асуудлыг шийдвэрлэхгүй бол эхний байдлаар тур оператор компаниуд 300 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх нөхцөл үүснэ. Үүнээс гадна жуулчдын сэтгэл ханамж буурч, Монгол Улсыг дахин сонгохгүй байх эрсдэл нь мөнгөөр хэмжигдэхгүй том хохирол авчирна” хэмээн Б.Дуламсүрэн хэлсэн юм.
Аялал жуулчлалын салбар нь Монгол Улсад 80 мянга орчим хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд олон төрлийн дагалдах салбарыг дэмждэг чухал салбар гэдгийг холбооны төлөөллүүд онцолсон юм.
АЖМХ-ны Жуулчны бааз, байршуулах хэрэгслийн салбар холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Цэндсүрэн “Аялал жуулчлалын салбар бол орлогоо дотоодод үлдээдэг салбар. Оргил ачааллын үед шатахууны хомсдол үргэлжилбэл олон хүний амьжиргаанд сөргөөр нөлөөлнө” гэв.
Жуулчин тээврийн салбарт 800 орчим жолооч ажилладаг бөгөөд аялал жуулчлалын хамгийн оргил үе болох долдугаар, наймдугаар саруудад шатахууны хомсдол үүсэх нь салбараараа томоохон хохирол амсах эрсдэлтэйг Жуулчин тээврийн холбооны тэргүүн Б.Ижилмөрөн анхаарууллаа.
Аялал жуулчлалын салбарынхан шатахууны асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол эдийн засгийн алдагдал төдийгүй Монгол Улсын аялал жуулчлалын нэр хүндэд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэсэн юм.
Видео үзэх:







