
Нийслэлийн Онцгой байдлын газраас үер, гол усны ослын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тодруулбал, Тэрэлж голын усны түвшин одоогийн байдлаар үерийн түвшинд байгаа бөгөөд долдугаар сарын 30, 31 болон наймдугаар сарын 1-ний өдрүүдэд Тэрэлж, Туул голын усны түвшин үерийн аюултай түвшин болох 31 см-ээс давж үерлэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул, Тэрэлж, Хэрлэн голын дагуу зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл гурван сарын хугацаанд завьт болон хөдөлгөөнт эргүүлүүдийг ажиллуулж байгаа ч усанд осолдох иргэдийн тоо буурахгүй байгааг албаныхан анхаарууллаа.
Оны эхнээс нийслэлийн хэмжээнд усны ослын улмаас 19 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 16 нь насанд хүрсэн хүн, 3 нь хүүхэд байжээ.
Сүүлийн гурван хоногийн хугацаанд усны ослын найман дуудлага бүртгэгдсэнээс зургаан иргэн амь насаа алдсан байдалтай олджээ.
Иймд иргэдийг гол, нуурын усанд орохдоо анхаарал болгоомжтой байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, зөвшөөрөгдөөгүй газарт сэлэхгүй байхыг НОБГ-аас анхааруулж байна.
Видео үзэх:







