
Баянзүрхийн гүүр орчимд үүрэг гүйцэтгэж байсан завьт эргүүлийн алба хаагчид Туул голд урсаж байсан гурван иргэнийг шуурхай ажиллагааны үр дүнд аварч, аюулгүй газарт гаргажээ.
Тодруулбал, өнөөдөр буюу долоодугаар сарын 14-нд Туул голын эрэг орчимд эргүүл хийж байх үеэр усанд осолдох эрсдэлд орсон иргэдийг илрүүлэн, яаралтай аврах ажиллагаа зохион байгуулсан байна.
Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд үргэлжилж, голын эрэг орчмын ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүл, хяналтын ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байгаа аж.
Мөн Цаг уурын байгууллагаас Туул, Хэрлэн голын усны түвшин үерийн хэмжээнд хүрснийг анхааруулж буй. Иймд иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх, хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангах, үерлэсэн гол мөрөнд ойртохгүй байхыг холбогдох байгууллагаас сэрэмжлүүллээ.
Эх сурвалж: НОБГ









