
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлжээ.
Тодруулбал, долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус төвийн Яаралтай тусламжийн тасгаар нийт 2006 хүн үйлчлүүлсэн байна. Үүнээс 1251 нь насанд хүрэгчид, 755 нь 0-18 насны хүүхэд байжээ.
Энэ хугацаанд төв болон салбар эмнэлгүүдэд 84 хүнд яаралтай, 67 хүнд төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Мөн зам тээврийн ослын улмаас 370 хүн эмнэлгийн тусламж авснаас 230 нь насанд хүрэгч, 140 нь хүүхэд байсан аж. Харин мориноос унаж гэмтсэн 74 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 34 нь 18 хүртэлх насны хүүхэд байжээ.
Түүнчлэн өчигдөр ГССҮТ болон салбар эмнэлгийн амбулаторийн тасгаар 184 хүнд үзлэг хийж, 150 хүнд боолт эмчилгээ үзүүлсэн байна. Яаралтай дөрөв, төлөвлөгөөт 67 мэс засал хийж, хэвтэн эмчлүүлэх тасагт нийт 417 өвчтөн эмчлүүлж байгаа бол Эрчимт эмчилгээний тасагт 22 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв









