
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хаалтын арга хэмжээ өнөөдөр буюу долдугаар сарын 12-ны 22:30-23:00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа долдугаар сарын 11-нд ёслол төгөлдөр болж, “Мөнхөд орших Монгол наадам” сэдвийн дор Монголын төрт ёс, түүхэн замнал, арвин баялаг өв соёл, төрт уламжлалыг тайзны урлагийн өвөрмөц хэлэмж, шинэлэг найруулгаар үзэгчдэд хүргэсэн.
Харин өнөөдөр /2026.07.12/-ийн хаалтын арга хэмжээгээр Үндэсний их баяр наадмыг ёслол төгөлдөр өндөрлөж, урлагийн тусгай хөтөлбөрийн тоглолт толилуулахаар төлөвлөжээ.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын тасалбарыг долдугаар сарын 2-нд цахимаар худалдаалсан бөгөөд худалдаанд гарснаас хойш 30 минутын дотор бүрэн борлогдсон юм. Харин үдшийн тоглолтын тасалбар суудлын зэрэглэлээсээ хамааран 50-80 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдсан байна.









